Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо
Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардууллаа.
Энэ хүрээнд “Исүзү” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “Исүзү” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “Айвеко” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “Киа” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилжээ. Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглолтой, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжид анхаарч ажилласны үр дүнд шуурхай албаны автомашины хангалт 76, гал унтраах автомашины хангалт 55, туслах албаны автомашин хангалт 25, хүнд даацын машин механизмын хангалт 38, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувиар тус тус өслөө. Энэ нь төр засгийн зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүн юм. Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин цагийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлж, олон улсад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.