Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33.7, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.
Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, Дулааны цахилгаан станц зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна нийслэлийн агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд тогтоох боломж бүрдэх аж.
Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48118 нэгж талбарын 50189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ. Харин шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол”-ыг гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард, эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан бөгөөд Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гарагт хуралдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.