БНСУ Японы Гадаад хэргийн сайд нар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлджээ
Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Сөүл хотод уулзалт хийсэн байна. Тэд хоёр улсын хоорондын харилцаа хэвийн болж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотой арга хэмжээнүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд шинэ тутам сорилтууд тулгарч байгаа нөхцөл байдал, Өмнөд Солонгосын улстөрд үүсээд байгаа ээдрээтэй байдлаар мэдээлэл солилцжээ. Такэши Иваяагийн хувьд, сүүлийн 7 жил орчмын хугацаанд Өмнөд Солонгост айлчилж байгаа Японы гадаад бодлогын анхны тэргүүн болж байгаа юм байна.
Тэрээр, АНУ-д ерөнхийлөгчид сонгогдсон Дональд Трамп албандаа орох гэж байгаа үед ийнхүү бүс нутгийн гол түнш улстай цаашдын бодлого чиглэлээр энэ зөвлөлдөх айлчлалыг хэрэгжүүлж байна. Умард Солонгосын талаас шинэ пуужингийн туршилтууд явуулж, Оростой цэргийн холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, Хятад улс Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгист цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдал улам нэмэгдэж, стратегийн энэ нөхцөл байдалд хоёр улсын ойр нягт харилцаа илүү чухлаар тавигдаж байгааг Японы ГХЯ-ны сайд Такэши Иваяа, Өмнөд Солонгосын сайд Чо Тэ-Юл нар уулзалтын үеэр цохон мэдэгджээ.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Юн Сок Ёль богино настай цэргийн онц байдал зарласнаас үүдэж улс оронд нь үүсээд байгаа улстөрийн хямралын нөхцөлд засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байж, хоёр талын харилцаа хэвийн үргэлжлэхийг Өмнөд Солонгосын сайдын зүгээс нотлон илэрхийлж байсныг хэвлэлүүд уламжилж байна. Тодруулбал, Өмнөд Солонгос болон Япон улс ямарваа нөхцөл байдлаас үл хамаарч хоёр талын харилцаагаа тууштай хөгжүүлж, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирсон гэдгийг Өмнөдийн сайд Чо уулзалт хэлэлцээний дараа хэвлэлийнхэнд хамтарсан мэдээллийн үеэр мэдэгджээ.
Түүнээс гадна Умард Солонгосын цөмийн аюул занал өндөр байгаатай холбоотойгоор Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагыг талууд мөн онцолсон. Сүүлийн жилүүдэд тус 3 улс умардын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтуудтай холбоотой асуудлаар шууд мэдээлэл хуваалцах зэргээр хамтын ажиллагаагаа улам ойртон нягтруулах гэрээ тохиролцоо байгуулсан.
Гэхдээ 2023 онд Кэмп-Дэвидэд гурвалсан түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан энэ 3 орны тухайн үеийн удирдагчдын хэн нь ч өнөөдөр албандаа байхгүй, АНУ-д гэхэд ирэх 7 хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөж үүрэгт ажилдаа орох гэж байгаа үед Өмнөдийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль бүрэн эрх нь түдгэлзсэн, мөн Японд Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн шинэ тутам засгийн газар ажилдаа орсон байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Дональд Трампын шинэ засаг захиргаа Ази дахь холбоотнуудтайгаа энэ бүс нутгийн төдийгүй дэлхий дахины аюулгүй байдлын асуудлаар ямар бодлого чиглэл барьж ажиллах нь томоохон асуултын тэмдэгтэй байсаар байгааг тоймч ажиглагчид энэ завсар тэмдэглэж байна. Японы гадаад хэргийн сайд өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Моктой уулзах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.