БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг саатуулах захирамж дахин гаргажээ

БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг саатуулах захирамж дахин гаргажээ

Сөүлийн дүүргийн шүүхээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг баривчлах захирамжийг дахин гаргасан байна. Өнгөрсөн 7 хоногт түүнийг саатуулах ажиллагаа бүтэлгүйтэж, харин эхний захирамжийн хүчинтэй хугацаа өчигдөр даваа гарагаар дуусгавар болсон нь ингэж дахин шийдвэр гаргах үндэс болсон байна.

Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтын албаны зүгээс Сөүл хотын төв дэх ерөнхийлөгчийн ордон руу хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийг нэвтрүүлэхгүй хориглосоор байгаа юм. Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн тухайд одоогоос нэг сар орчмын өмнө буюу 12 сарын 3-нд гэнэтийн байдлаар цэргийн онц байдал зарлаж улс оронд үймээн дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр шүүхийн мөрдөн шалгалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд шүүхээс мэдүүлэг авахаар дуудсан зарлан дуудах хуудсыг хүлээж авахгүй удаа дараа буцаасны эцэст ийнхүү баривчлан саатуулах захирамжийг шүүхийн байгууллагаас гаргажээ.

Ийнхүү Өмнөд Солонгосын улстөрд засаглалын хямрал үүсгэсэн энэ нөхцөл мөд шийдэгдэх төлөвгүй үргэлжилж байгаатай зэрэгцэн Ерөнхийлөгч Юн мөн, хууль шүүхээс өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг хууль бус хэмээн эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдэж, ордных нь гадаа олон зуун дэмжигчид нь мөн түүнийг хамгаалах амлалттайгаар жагссан хэвээр байна. Орон нутгийн хэвлэлүүд мөн энэ зуур ерөнхийлөгчийн хамгаалалтынхан ерөнхийлөгчийн ордны хамгаалалтыг улам чангатгасан, улмаар мөрдөгчдийн зүгээс баривчлах захирамжийг хэрэгжүүлэхэд улам илүү бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарч мэдэхээр байдалтай байгаа гэдэг мэдээллийг өгч байгаа юм байна.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Юныг саатуулахаар ажиллаж байгаа өмнөд Солонгосын авлигатай тэмцэх газрын тэргүүн энэ удаагийн баривчлан саатуулах хүчин чармайлт тус байгууллагын хувьд сүүлийн оролдлого байх болно гэдгийг мэдэгджээ. Өмнө нь тус газар ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг зохион байгуулахыг цагдаагийн газраас хүссэн, гэвч хуулийн маргаан үүсгэхээр байгаа учраас хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдэгдсэн юм. Энэ зуур Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн парламентын шийдвэрийг эцэслэж батлах эсэхийг шийдэх Үндсэн хуулийн шүүхээс энэ асуудлаар явуулах 5 удаагийн шүүх хурлын товыг зарласан, эхнийх нь энэ сарын 14-нд болохоор байгаа юм. Мөн энэ өдөр сая гаргасан 2 дахь баривчлах захирамжийн хүчинтэй хугацаа дуусахаар байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.