БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана

2025 онд БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгосын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаад ажилчдыг ажилд авахын тулд ажлын зөвшөөрөл хүсдэг. Энэхүү E-9 визээр ажиллах мэргэжлийн бус ажиллах хүчин авах ажлын зөвшөөрлийн хүсэлтийг хүлээж авах хугацааг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Мүнсү зарлав.
Тэрээр ажиллах хүч хэрэгтэй байгаа компаниудад Е-9 визтэй гадаад ажилчдыг цаг тухайд нь ажилд авах боломжийг олгох үүднээс 2025 онд шинэ ажлын зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа хүлээн авна гэж мэдэгдлээ.
Хүсэлт хүлээн авах хугацаа:
1 дүгээр хүсэлт:2 сарын 10-ны өдрөөс 2 сарын 21-ний өдөр хүртэл
2 дахь хүсэлт: 4 сарын 21-ний өдрөөс 5 сарын 2-ны өдөр хүртэл
3 дахь хүсэлт: 7 сарын 7-ны өдрөөс 7 сарын 18-ны өдөр хүртэл
4 дэх хүсэлт: 9 сарын 15-ны өдрөөс 9 сарын 26-ны өдөр хүртэл
5 дахь хүсэлт: 11 сарын 24-ний өдрөөс 11 сарын 28-ны өдөр хүртэл
БНСУ-ын Засгийн газар 2025 онд илгээгч 17 улсаас нийт 130 мянган ажиллах хүчин авахаар тогтсон. Энэ 130 мянган ажиллах хүчнээс эхний хүсэлтээр буюу 2 сарын 10-ны өдрөөс 2 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 22,418 гадаад ажилчинд ажлын зөвшөөрөл өгнө.
Үүнд, үйлдвэрлэлийн салбарт 16,328 ажилчин, хөлөг онгоц 625, хөдөө аж ахуй-мал аж ахуйн салбарт 2,347 ажилчин, загас агнуурын салбарт 2,077 ажилчин, барилгын салбарт 445, үйлчилгээний салбарт 596 гадаад ажилчинг ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг энэ 2 дугаар сард ажил олгогчдоос авах ажээ. Харин хүсэлтийн үр дүнг ирэх 3 дугаар сарын 11-нд зарлах бөгөөд ажлын зөвшөөрлийг 3 дугаар сарын 12-ны өдрөөс 25-ны хооронд олгохоор шийдвэрлэсэн байна. Ажлын зөвшөөрөл нь гарсан гадаад ажилчид 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс БНСУ-ын хилээр нэвтэрч, ажиллаж эхлэх юм байна.
Ингэж ойр ойрхон гадаад ажилчдыг авах ажлын зөвшөөрлийг олгож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд шаардлага гарсан тухай бүртээ шинэ ажилчин авах боломжийг өгч буй нэг арга хэмжээ гэж үзсэн байна. Мөн БНСУ-ын Засгийн газраас шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахын тулд жил бүр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ.
Эх сурвалж: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.