П.Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогссон

П.Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогссон

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эртхэн суулгах үйл ажиллагаа нь дэлхийд хөгжөөд 40, манай улсад 20 жил орчим болж байна. Үүнээс сүүлийн 10 жилд нь эрчимтэй хөгжсөнийг онцлох нь зүйн хэрэг. Монгол шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал улсад ийм өндөр технологийг нутагшуулна гэдэг тун бэрхшээлтэй ажил гэдгийг эмч нар ярьж байна. Тэгвэл монгол эмч нар энэхүү эмчилгээг хамт олноороо тууштай ажилласны хүчинд нутагшуулж чаджээ.

Энэ талаар Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч О.Сэргэлэн ярихдаа, “УНТЭ-ийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгажээ. Энэ нь нийт мэс заслын ердөө таван хувь юм. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх чиглэлийг өгдөг. Гэтэл монгол хүний ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл гэх мэт олон шалтгаанаас амьгүй донорын олдоц тааруу байна. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах албыг 2018 онд байгуулсан. Амьгүй донорын олдоцыг нэмэгдүүлэх, ертөнцийн мөнх бусыг үзэж буй хүн буян хийгээд бусдадаа эрхтэнээ хандивлах энэхүү үйл ажиллагааг зохицуулах гэж энэ албыг бий болгосон. Энэ албыг байгуулснаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавихад 31 хүнийх л тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн. Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 гаруй хүнд амьгүй донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогссон” гэв.

Ташрамд дурдахад, Донорын тухай хуульд өнгөрсөн 2022 онд өөрчлөлт оруулахдаа тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын хоёр сая төгрөгийн зардал дээр нэмж, гурван сая төгрөг өгнө гэсэн заалт оруулсан аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.