Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар П.Мөнхжаргалыг томилжээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 5/19 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-ийн даргаар Пүрэвжавын Мөнхжаргалыг томиллоо.
П.Мөнхжаргал нь 1996 онд ОХУ-ын Красноярскийн нисэхийн дунд сургуулийг Нислэгийн удирдагч, 2008 онд ОХУ-ын Санкт-Петербургийн нисэхийн дээд сургуулийг Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер мэргэжлээр төгсч ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд нислэгийн удирдагчийн туслахаас эхлэн албаны дарга хүртэл 20 гаруй жил ажилласан бөгөөд ИНҮТ-ийн даргаар томилогдохоосоо өмнө тус төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан юм.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын тушаалыг танилцуулах үеэрээ нисэхийн салбар дотроосоо, салбартаа олон жил ажилласан хүн томилогдож байгаад баяр хүргээд ажлаа хүлээж авсан энэ цаг мөчөөс эхлэн 2020 оныг зам, тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласан ЗТХ-ийн сайдын тушаалыг ягштал хэрэгжүүлж, шинээр томилогдсон газартаа сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтыг дээд зэргээр чандлан сахиулж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.