Орлого нь 50 хувь багассан ААН-ийн ажилтанд 200 мянган төгрөг олгоно
Монгол мэдээ
Огноо 2020-04-09
- УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
- Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж байгаа юм.
- Төслүүдийг холбогдох ажлын баг болон Байнгын хороод хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 18 санал гаргажээ.
- Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зарим мэдээлэл өгөв. Тэрбээр, "Засгийн газраас хэрэгжүүлэх долоон арга хэмжээг хэрэгжүүлэх 5.1 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг бол их тоо. Бид олж буй хоёр төгрөгийн 1-ийг иргэдийн ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зориулж байна гэсэн үг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн байгаагийн 75 хувь буюу 800 мянга орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна. Үүнд 800 орчим тэрбум төгрөг гаргах төлөвтэй байна. Иргэдийн дунд 200 мянган төгрөгийн нэмэгдлийг ямар шалгуураар олгох нь тодорхой бус байсан. Өчигдрийн ажлын баг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар маш оновчтой шийдэл гарсан. Тодруулбал, өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувиар багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд олгох санал гаргасан. Үүнд ойролцоогоор 45 мянган аж ахуйн нэгж хамаарах төлөвтэй байна" хэмээв.
- УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, гадаадад байгаа, дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнуудын асуудалд Засгийн газраас хэрхэн хандахыг лавлав. Түүнчлэн, хэрвээ сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулбал, их дээд сургуульд элсэх төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалтын бэлтгэлд хүндрэл гарахыг тэмдэглэв. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаадад байгаа монгол иргэдээ татан авахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 6650 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдгийг танилцуулав. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаантай ахмад настай, эмчилгээнд явсан, хүүхэдтэй, оюутан зэрэг хүмүүс байгааг дурдав. Онгоцны суудал хязгаартай, онгоц тэр бүр нисээд байх бололцоо муу байна. Гэхдээ Засгийн газар боломжоороо тухай бүрт нь шийдвэр гарган ажиллана гэдгийг тайлбарлав.
- УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, цар тахлын улмаас дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон, нийт 1.7 тэрбум хүн хөл хорионд байгааг мэдээлэв. Нөхцөл байдлаас хамаарч хүүхэд залуусын сурах боломжийг таслахгүй байх үүднээс онлайн, теле хичээл явуулж буйг ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наас хичээлийн жил дуусах ёстой ч есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах хүртэл ямар зохицуулалт хийх талаар УОК-т танилцуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн гэлээ. Төгсөх ангийн хүүхдийн хичээллэх боломжийг судалж байгаа бөгөөд 28 мянган хүүхдэд DVD хэлбэрээр хичээлийг хүргэж буйг мэдээлэв. Үүнээс гадна цөөн тоогоор бүлэг болгон давтлага өгөх боломжтой эсэхийг судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт яамнаас тодорхой шийдвэр гарган танилцуулна гэдгийг мэдээллээ.
- Ийнхүү тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 18 саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.