Байгаль орчинд үзүүлэх коронавирусний эерэг ба сөрөг нөлөөллүүд
Коронавирусний цар тахлын улмаас олон мянган хүн нас барж, дэлхийн эдийн засаг тогтворгүйтэн хямарч, улс орнууд хилээ хааж, Олимпын тоглолт хойшиллоо. Гэсэн хэдий ч гэнэтийн энэ эрсдэлтэй үзэгдэлд эерэг талууд бий гэдгийг судлаачид дурдаж байна.
Юуны түрүүнд, бүх нийтийн хөл хорио тогтоосноор агаар, орчны бохирдол эрс багаслаа. Аж үйлдвэрийн томоохон хотуудад агаарын чанар эрс сайжирсныг сансраас авсан зургууд нотолж байна. Итали улсад бүх нийтийн хөл хорио тогтоож, жуулчдыг зөөдөг завинуудыг зогсоосноор сүүлийн 60 жилийн хугацаанд Венецийн сувгийн ус анх удаагаа тунгалагшиж, ёроолд нь жижиг загаснууд хөвж буй нь харагдах болжээ. Ердийн өдрүүдэд жуулчдын хөлд дарагдаж байдаг Венецийн ус хэтрүүлж хэлэхэд намаг мэт бохир байв. Түүнээс гадна, Хятад болон Непал улс Эверест рүү хийх авиралтыг зогсоогоод байна. Сүүлийн хэдэн жилд тоо нь хэдэн арав дахин өссөн уулчид майхан сав, олс дээс, консервны лааз зэргээ хаяж Гималайн уулсыг хогийн цэг болгон хувиргаад байсан юм.
Коронавирусний халдварын тархалтын үед дэлхий даяар агаарын тээвэр, төмөр зам, автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж, үйлдвэрлэл зогсож, хүмүүс гэрээсээ ажлаа хийх болсноор 2008-2009 оны хямралаас хойш анх удаагаа хорт хаягдал бохирдлын хэмжээ буурлаа. Хүмүүсийн хөл татарснаар байгаль дэлхий өөрөө өөрийгөө сэргээж эхэлжээ.
Өнгөрсөн онд Нью-Йорк хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр 16 настай швед охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцэл хийхгүй байгаа дэлхийн улс орнуудын удирдагчдыг буруутган шүүмжилж байсныг бурхан сонсоод коронавирусийг илгээв үү гэлтэй.
Агаар мандалд хаягдаж буй азотын давхар ислийн хэмжээ эрс буурсан нь ялангуяа Италийн хойд нутагт илт мэдэгдэж байна. Үүнийг дорх сансрын зургаас харж болно.
Түүнчлэн Хятад улсад агаарын бохирдол багасаж, агаар мандалд хаягдаж буй азотын давхар ислийн хэмжээ эрс буурсныг НАСА-гийн сансрын зурагнаас харна уу. Тус улсын үйлдвэрүүд дэлхийн нүүрсхүчлийн хийн нийт хаягдлын 30 хувийг ялгаруулдаг ба 2 дугаар сарын 3-наас 3 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хаягдлын хэмжээ 25 хувиар багассан байна. Тодорхой хэлбэл, дээрх хугацаанд Хятад улс 200 сая тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлээгүй гэсэн үг. Хятадын Байгаль орчны яамны мэдээлэлд дурдсанаар, 2 дугаар сарын “сайн чанарын агаартай өдрүүд”-ийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,5 хувиар өссөн байна. Ташрамд дурдахад, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхийн 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалж, үүний улмаас жил бүр 7 сая орчим хүн нас барж байна.
Нөгөөтэйгүүр, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах тал дээр чухал алхмыг Хятад улс хийлээ. Зэрлэг амьтдыг нууцаар болон илээр худалдаалдаг том төв болох Ухань хотод коронавирусний голомтыг илрүүлсний дараа зэрлэг амьтдыг худалдахыг хориглосон шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан байна. Зэрлэг амьтдыг худалддаг дэлхийн хар зах дээр 27 тэрбум доллар эргэлддэг бөгөөд нууц наймааг таслан зогсооно гэдэг бол тийм ч хялбар хэрэгжихээр зүйл биш юм. SARS цар тахал дэгдсэний дараа 2003 онд Хятад улс ийм төрлийн худалдааг зогсооно гэж амлаж байсан билээ.
Аялал жуулчлал ба агаарын тээвэр зогссоны эерэг нөлөө
“Diamond Princess” гэдэг аяллын хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар тархаж, зорчигчид нас барсантай холбоотойгоор далай тэнгисийн аялал зогсчихоод байна. Аяллын хөлөг онгоц гэдэг нь яг үнэндээ бол далай тэнгисийг асар ихээр бохирдуулдаг жинхэнэ “тамын машинууд” гэнэ. Diamond Princess гэх мэтийн 3000-4000 хүн тээж явдаг аварга хөлгүүд долоо хоногт 500 тн бохир усыг далайд асгаж буйн улмаас асар олон тооны загас, ургамал үхэж байна. Мөн хөлөг онгоцны хөдөлгүүрийн нүсэр дуу чимээнээс далайн тэнгисийн амьтад үргэн дайжиж, үхэж үрэгддэг.
Harmony of Seas гэдэг нэртэй дэлхий дээрх хамгийн том аяллын хөлөг онгоцны гурван хөдөлгүүр нь нэг цагийн дотор 5,2 тонн дизель түлш зарцуулдаг байна. Нэгэн зэрэг 6780 зорчигч тээдэг, багийн 2100 гишүүнтэй уг хөлөг онгоцыг эзэмшигчид “эко аялал жуулчлал”, “хариуцлагатай аялал жуулчлал” зохион байгуулж байна гэж рекламддаг боловч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ.
Уг хөлөг онгоц 83 мянган автомашины ялгаруулж буйтай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий, 421 мянган автомашины ялгаруулах азотын исэл, 1 сая автомашины ялгаруулах хатуулаг жижиг хэсгүүдийг агаар мандалд цацдаг байна.
Нөгөөтэйгүүр, агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн хаягдлын 2-3 хувийг ялгаруулж буй иргэний агаарын тээврийн салбар хямралд орсон нь хүмүүсийн ахуй амьдралд хүндрэл учруулсны зэрэгцээ экологийн байдал сайжрахад бага боловч нөлөөллөө. Зорчигч тээврийн нэг онгоцны экологид үзүүлэх нөлөө нь 8 мянга орчим автомашиныхтай дүйцэхүйц бөгөөд дэлхий даяар дунджаар 11-19 мянган онгоц, 500 мянган хүн агаарт байнга байдаг гэсэн тооцоо бий.
Дэлхий даяар хортой хог хаягдлын хэмжээ багассаны сацуу дуу чимээ 30 хувиар буурсан гэдгийг эрдэмтэд баталж байна. Ганцхан жишээ дурдахад, газар хөдлөлийг судалдаг эрдэмтдэд тун аятай боломж гарч иржээ. Учир нь, метро, төмөр зам, үйлдвэр уурхайнуудын их чимээ нь газар хөдлөлтийн бичлэг /сейсмограмм/ хийхэд саад учруулж байсан бол одоо хөл хорионы үеэр хийсэн бичлэгүүд маш цэвэрхэн, шуугиангүй болж, далайн ёроол дахь чимээ хүртэл сонсогдож байгаа гэнэ. Энэ бол газар хөдлөлтийн идэвхжилийг судлах тун ховорхон боломж бөгөөд дэлхийг хамарсан карантины үеэр эрдэмтдийн хийсэн бичлэг, гэрэл зураг, судалгааны ажлуудыг цаашид хэдэн арван жилийн турш ашиглах нь лавтай.
Цар тахлын сөрөг нөлөө
Үйлдвэрлэл зогсож, хүмүүсийн хөл татарснаар байгаль орчин сэргэж, манай гарагийн агаар цэвэршсэн нь илт мэдрэгдэж байгаа боловч нөгөөтэйгүүр коронавирусний цар тахал нь экологид алсуураа сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, MIT Technology Review сэтгүүлийн эрчим хүчний хэлтсийн редактор Жеймс Темпл коронавирусний цар тахал нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх урт хугацааны төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлнө гэж дүгнээд нөлөөллүүдийг дурджээ.
----Хөрөнгийн зах зээл хямралд орох нь нарны, салхины ба сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг санхүүжүүлэхэд сөргөөр нөлөөлнө.
---Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх асуудал нэг хэсэгтээ хойшилно.
---Газрын тосны үнэ хямдарснаар цахилгаан автомашин үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурна.
---Хятад улс бол нарны зайн хавтан, салхин турбин болон цахилгаан автомашины литий-ионы зай хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын нэг юм. Харин коронавирусний цар тахлын улмаас Хятадын компаниудын нийлүүлэлт доголдсон нь сэргээгдэх эрчим хүчний зарим төсөл хойшлогдоход хүргэж байна.
Цэвэр эрчим хүчний салбарын дүн шинжилгээний тэргүүлэгч компани болох BloombergNEF нарны эрчим хүчний зах зээлийн 2020 оны эрэлтийн талаарх таамаглалаа бууруулжээ. Учир нь, улстөрчид болон том компаниуд эдийн засгийг дэмжих богино хугацааны хөтөлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлснээр урт хугацааны хэтийн төлвийг орхигдуулж байна.
Үүний сацуу коронавирусний халдварын хоёрдахь давалгаа эхэлж, Хятадаас бусад орнуудад тархлаа. Энэ нь нефтийн эрэлтийг бууруулж, эдийн засгийн хямралд хүргэснээр урт хугацаандаа “ногоон технологи”, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил удаашрахад хүргэж мэднэ.
Нүдэн дээр илт өөрчлөлтүүд харагдаж, байгаль дэлхий хог хаягдлаас бага ч боловч салж байгаа хэдий ч экологийн хөдөлгөөнийхөн үүнд төдийлөн сэтгэл ханамжтай бус байна. Учир нь, тэд хөл хорионы улмаас өөрсдийн гол зэвсэг болох олон нийтийн жагсаал цуглаануудаа зохион байгуулж чадахгүйд хүрчээ. Ойрын үед хийхээр товлосон экологийн асуудлаарх бүх уулзалт, хурлууд хойшиллоо. Тухайлбал, 4 дүгээр сарын 13-нд болох ёстой буурай хөгжилтэй улсуудын тогтвортой хөгжлийн асуудлаарх уулзалт цуцлагджээ. Мөн энэ сарын эхээр Нью-Йоркт болох ёстой байсан ЭКОСОС залуучуудын чуулга уулзалт тасалдлаа. 11 дүгээр сард хийхээр товлосон НҮБ-ын их хурлаар ойрын 10 жилийн хугацаан дахь уур амьсгалын асуудлаарх төлөвлөгөө ба олон улсын нүүрсхүчлийн зах зээлийн дүрэм журмыг хэлэлцэх ёстой боловч уг хурал хойшлогдоно гэдэг нь үндсэндээ тодорхой болжээ.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс төрд чухал байр суурь эзэлж, байгаль орчныг хамгаалах залуучуудын хөдөлгөөн эрс идэвхжиж байгаа билээ. Харин коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нь хүмүүсийн анхаарлыг эрүүл мэнд, ажил төрөл, тэтгэвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэгт илүүтэй хандуулснаар экологийн асуудлаас хөндийрүүлэх аюултай.
Нөгөө талаас, дээр дурдсан өөрчлөлтүүд нь урьдчилан төсөөлөхийн аргагүй хүчин зүйлээс шалтгаалж байгаа болохоос бус системийн түвшинд өөрчлөлтүүд огт гарсангүй. Өөрөөр хэлбэл, экологийн салбарт системийн шинэчлэл хийгдээгүй, зөвхөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр экологийн байдал түр хугацаанд сайжирчээ. Жишээ дурдахад, 12 жилийн өмнө дэлхийн эдийн засаг хямралд орж, нефтийн үнэ өссөн шалтгаанаар агаар мандалд хаягдаж байсан хорт бодисын хэмжээ 50 хувиар буурч байсан боловч 2009 он гэхэд том үйлдвэрүүд хямралын өмнөхөөс 5 хувиар илүү хэмжээний хорт бодис ялгаруулж байв.
Дүгнэлт
Хүн төрөлхтөн техникийн хувьсгалаас хойших сүүлийн 300 жилийн хугацаанд ашиг олж, баян тансаг амьдрахын тулд байгаль дэлхийгээ сүйтгэж, ус агаарыг нь бохирдуулж, халуун орны ойг огтолж, бүхэл бүтэн биологийн системийг сүйрүүлсээр ирлээ. Эх дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж шүлэглэн дуулдаг хүмүүс ашгийн төлөө өөрсдийн амьдардаг орчныг устгахаас сийхгүй болжээ.
Хүмүүсийн эрүүл мэнд нь манай гарагийн эрүүл мэндээс шууд хамааралтай гэдэг жирийн үнэнийг коронавирус бидэнд ойлгуулж, амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийж, зохистой хэрэглээнд шилжих цаг нэгэнт болжээ гэдгийг анхааруулж байна. Б.Адъяахүү
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/221691
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.