Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар танилцууллаа.
Ажлын хэсэг энэ хугацаанд татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас 60.67 тэрбум, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ. Тус ажлын хэсгээс боловсруулж, танилцуулсан авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураахад Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мөн Актив удирдлагын компанийн тухай, Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгалаа.
Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.