Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Манай улсын 1650 багаас 104 баг үүрэн холбооны сүлжээгүй, 200 орчим баг 20-50 хувийн хамралттай байна.
Үүнээс шалтгаалан алслагдсан бүсийн иргэд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж хязгаарлагдаж байна. Сүлжээгүй болон сүлжээ хангалтгүй байгаа нэгжүүдэд үүрэн холбоо, өндөр хурдны интернэтийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх зайлшгуй шаардлага байна. Иймд Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2026–2028 онд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөий арга хэмжээний үр дүнд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгж үүрэн холбооны сүлжээнд холбогдож, алслагдсан бүсийн иргэд мэдээлэл, харилцаа холбоо, төрийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болно. Ингэснээр орон нутгийн бизнес, худалдаа, үйлчилгээний эргэлт нэмэгдэж, гамшиг, аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чадавх бодитоор сайжирна гэж үзэж байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.