ОХУ-ын зартай гэмт хэрэгтнийг Монголд сулласан асуудал яригдаж эхэллээ

ОХУ-ын зартай гэмт хэрэгтнийг Монголд сулласан асуудал яригдаж эхэллээ

Испанид ОХУ-ын “Дархлагдсан хулгайч” Таро Онианигийн шүүх хурал болж өндөрлөлөө.

Хурлын үеэр шүүгчид Тарод 4 жилийн хорих ял, 26 мянган еврогийн торгууль оноохдоо өөр нэгэн зартай гэмт хэрэгтэн болох Тюрик хочит Владимир Тюринийг шүүхийн өмнө авчрах болно гэдгээ хэлжээ.

Шүүгч Хосе Луис Калама “Оросын дархлагдсан хулгайч болох Захарий Калашов (Шакро Молодой), Виталий Изгилов (Зверь) нарыг манай шүүх шийтгэж байсан. Одоо Таро Онианигийн цаг ирсэн байна. Ганцхан дархлагдсан хулгайч манай шүүхээс зугтсаар байгаа. Энэ бол Владимир Тюрин. Түүнийг Интерполын шугамаар хайж байгаа” гэж хэлсэн байна.    

“Владимир Тюрин зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн толгойлогч, мөнгө угаасан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа ч хоёр удаа баривчлагдахаас зугтаж чадсан. Эхлээд түүнийг Италийн Миланд баривчлахаар тусгай ажиллагаа явуулсан ч Тюрик зугтаж чадсан. Дараа нь түүнийг Монголд баривчилсан ч мөн зугтсан, гэхдээ тун сэжигтэй байдлаар зугтсан гэж үзэж байгаа.

Испанийн шүүхийн баривчлах хүсэлтээр 2009 онд Монголд Владимир Тюринийг баривчилж байсан. Испанийн цагдаа нар Монголд яаран ирэхэд камерт Тюрин биш ах нь сууж байсан. Монголын цагдаа нар алдаа гарчээ гэж Испанийн хуулийнхнаас уучлалт гуйсан. Гэхдээ Тюрин өөрийгөө ахаараа солихын тулд 500 мянган ам.доллар төлсөн гэсэн эх сурвалжийн мэдээ байдаг” гэж ОХУ-ын “Росбалт” сайт мэдээлсэн байна.

Шүүгч Хосе Луис Калама гэмт хэрэгтнийг баривчлан Испанид шилжүүлэх, эсвэл ОХУ-д шүүхийг шаардаж байгаа юм.

Эх сурвалж:https://zindaa.mn/36nq

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.