Булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа

Булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа

Нийгмийн сүлжээнд 13 дугаар зууны үеийн Монголын түүхэн хүн Жамухын шарил, алтан бүс олдсон ч хадгалалт хамгаалалт хангалтгүй олон жил болж байгаа тухай мэдээлэл тархсан. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тайлбар гаржээ.

“Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймагт ажилласан Д.Наваан ахлагчтай баг бүрэлдэхүүн 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт орших жижгэвтэр булшийг малтан судалжээ. 

Булшийг 1.7м орчим малтахад толгой тал руу нь хөмөглөн талийгаачийг байрлуулсан оршуулга илэрсэн байна. Талийгаачид үйсэн хоромсого, сум, төмөр хутга, хос дөрөө, тогооны хагархай хэсэг дагалдуулж, алтан бүс зүүлгэн оршуулсан байжээ. 

Нэрт археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан байна. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны баримт нотолгоогоор бүрэн гүйцэт батлагдаагүй, зөвхөн таамаглал төдий ажээ. Зарим эрдэмтэн газар орны байдал, булшнаас гарсан эд өлгийн зүйлсийг харьцуулан судлаад Түрэгийн үеийн булш байх боломжтой хэмээн таамаглал дэвшүүлдэг байна. 

Уг булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түр гэрээгээр "Чингис хаан" үндэсний музейн үзүүллэгт дэглэгджээ. 

Харин оршуулгын бусад олдвор /хүний яс, төмөр эдлэлүүд, судалгааны дээжүүд/-ууд Монгол Улсын Их Сургуулийн Археологийн тэнхимд хадгалагдаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.