Сүмогийн холбооноос халдвартай бөхийн нэр, дэвжээг зарлахгүй
Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр жюүрёогоос доош цолтой нэгэн бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Түүний шинжилгээний хариу эхлээд эерэг гарснаа дараа нь сөрөг болж, тэгээд дахин шинжилгээгээр эерэг болсон бөгөөд эмнэлгийн ажилтны алдааны улмаас түргэн шуурхай оношилж чадаагүй талаар Японы хэвлэлүүд бичиж байна.
Японы “Спортс Хочи” сонины сэтгүүлч Сүмо бөхийн холбооны хэвлэл хариуцсан захирал Шибатаяматай утсаар ярилцаж, тодруулга авсан байна.
Шибатаяма ояката “Халдвар авсан бөх одоо Токиогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Халуурч, ханиалган, амьсгалахад хүндрэлтэй байгаа гэсэн. Түүний явсан газар, уулзсан хүмүүс гээд хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Бид халдвартай бөхийн нэр, дэвжээг зарлахгүй. Ямар ч гэсэн тус дэвжээний бөхчүүдийг бэлтгэл хийхийг хориглосон. Эмнэлгийн ажилтнуудын зааврын дагуу ажиллана. Дэвжээний бүх бөх, ояката, үсчинг шинжилгээнд оруул гэвэл оруулах болно. Одоогийн байдлаар тус дэвжээнээс шинж тэмдэг илэрсэн өөр хүн байхгүй. Сүмоч халдвар авснаар бид коронавирус хаа хол хүмүүсийн зүйл биш, бид ч тусаж болохыг харууллаа. Одоо хамгийн гол нь өвчтэй бөхийн бие эдгэх. Зуны тэмцээний талаар одоо хэлэх зүйл алга” гэж хариулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.