“Zoom” үйлчилгээг ашиглан цахим хичээл явуулахыг хоригложээ

“Zoom” үйлчилгээг ашиглан цахим хичээл явуулахыг хоригложээ

СИНГАПУР. /TASS/. Сингапурын Боловсролын яам дунд сургуулиудын хичээлийг “Zoom” үйлчилгээ ашиглан явуулахыг хоригложээ. Хичээл явуулах үеэр хакерууд тус үйлчилгээнд нэвтэрч, садар самууныг сурталчилсан зураг байршуулсан хэрэг гарсантай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. “Zoom” нь видео хэлбэрээр хурал, цуглаан явуулах боломжийг олгодог үйлчилгээ юм.

“Цахимаар хичээл заахыг үргэлжлүүлнэ. Иймэрхүү платформуудыг ашиглахдаа анхаарал болгоомжтой хандахыг хүссэн зөвлөмжийг бид багш нарт өгсөн. Аюулгүй байдлыг хангахын тулд авах шаардлагатай арга хэмжээнүүдийг боловсруулахын тулд бид “Zoom” үйлчилгээний төлөөлөгчидтэй мөн холбогдож, зөвлөлдөнө” хэмээн тус улсын Боловсролын технологийн хэлтсийн дарга Арон Ло мэдэгджээ.

Дунд сургуулиудын хичээлийг зогсоож, алсын зайнаас сургалт явуулж эхлэх үед энэ хэрэг гарсан байна. Харин Сингапурын төрийн байгууллагууд “Zoom” платформыг ашиглахаа зогсоохгүй аж.

Энэ үйлчилгээг ашиглан хийсэн хэдэн мянган хувийн видео бичлэгүүд интернетэд ил байсан тухай “The Washington Post” сонин 4 дүгээр сарын 3-нд мэдээлжээ. Хувийн бичлэгүүд дунд компаниудын хурал, цуглаан, бага сургуулиудын хичээл явуулж буй бичлэг, хэрэглэгчдийн хувийн харилцан ярианууд багтаж байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.