Ж.Ассанж Эквадорын ЭСЯ-нд байхдаа хоёр хүүхдийн эцэг болжээ
ЛОНДОН. /BBC/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ амьдрах хугацаандаа нууцаар хоёр хүүхдийн эцэг болсныг түүний хамтрагч Стелла Моррис олон нийтэд дэлгэжээ.
С.Моррисын мэдээлснээр, тэрбээр Ж.Ассанжтай 2015 оноос үерхэж эхэлсэн бөгөөд өөрсдийнхөө дундаас гарсан хоёр хүүг өөрөө өсгөж байгаа ажээ. “Wikileaks”-ийг үндэслэгчийн хоригдож буй Лондон хотын “Белмарш” шоронд коронавирусний халдвар тархаж болзошгүй байгаа үед С.Моррис ийнхүү мэдээлсэн байна.
Эквадорын ЭСЯ Ж.Ассанжийн орогнох эрхийг нэг жилийн өмнө цуцлах хүртэл тэрбээр ЭСЯ-ны байранд амьдарч байсан юм. Өдгөө 48 настай, Австралийн иргэн Ж.Ассанж эрүүл мэндийн байдалтайгаа холбогдуулан барьцаагаар суллагдахыг эрмэлзэж байгаа ажээ.
Ж.Ассанжийн “амийг хутганы ирэн дээр байгаа” хэмээн үзэж буй Өмнөд Африк гаралтай өмгөөлөгч С.Моррис түүнийг коронавирусний халдварыг даван туулж чадахгүй байж болзошгүй гэж бодож байгаа тул “The Mail on Sunday” сонинд өөрсдийнхөө харилцааны талаар анх удаа мэдээлсэн байна.
“Wikileaks” цахим хуудасны “Youtube” хаягт нийтэлсэн дүрс бичлэгийн үеэр С.Моррис хэлэхдээ, би Ж.Ассанжтай 2011 онд өмгөөлөллийн багт нь орох үеэрээ танилцсан гэжээ. Ж.Ассанж өөрийн холбогдсон хүчингийн хэргээр Шведийн талд шилжүүлэгдэхээс зайлсхийх зорилгоор Эквадорын ЭСЯ-нд 2012 оноос орогножээ. Шведийн хууль сахиулагчид уг хэргийг өнгөрсөн 11 дүгээр сард хаасан юм. Мөн Ж.Ассанж нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсан хэргээр өөрийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж байгаа ажээ.
С.Моррисын хэлснээр, тэрбээр Ж.Ассанжийн талаар илүү ихийг мэдэхийн тулд ЭСЯ-нд бараг өдөр бүр очдог байжээ. Тэд 2015 онд бие биедээ дурлаж, үүнээс хоёр жилийн дараа сүй тавьжээ. Ж.Ассанж хоёр хүүгээ төрж байгааг дүрс бичлэгээр дамжуулан үзсэн бөгөөд тэд аавтайгаа уулзахаар ЭСЯ-нд очдог байжээ. “Гурван настай Габриел, нэг настай Макс нар аавтайгаа видео дуудлагаар дамжуулан ярилцдаг” гэж С.Моррис ярьсан байна.
Ж.Ассанж Эквадорын ЭМЯ-наас 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд баривчлагдсан бөгөөд Лондон хотын шүүх барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан түүнд 50 долоо хоногийн хорих ял ногдуулжээ. Албан ёсны мэдээллээс үзэхэд, Их Британийн 1000 гаруй хоригдолд коронавирусний халдварын шинж тэмдгүүд илэрсэн байна. Тэдгээрээс хэд хэдэн хүн нас барсны дунд “Белмарш” шоронгийн нэг хоригдол байсан гэж Хууль зүйн яам мэдээлжээ.
Засгийн газрын мэдээлснээр, коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Англи, Уэльст бага эрсдэлтэй хэмээн үзсэн 4000 хүртэлх хоригдлыг суллахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.