Ё.Баатарбилэг: Сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр анги дэвшүүлнэ
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлэх юм байна. Ямар нэгэн хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй гэдгийг тэрбээр тэмдэглэв. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг энэ сарын 15-наас хязгаарлаж төсөвт хэмнэлт гаргахыг чиглэл болгожээ. Уг хэмнэсэн төсвөөр, эдийн засагт шаардлагатай байгаа арга хэмжээнд зарцуулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгааг онцоллоо.
Харин төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-нд явуулах тов хэвээрээ байгааг дуулгав. Их, дээд сургуулийн элсэлтийг долоодугаар сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэв. Мөн энэ жил элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргажээ.
“ЭЕШ-д орох хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтол байдаг. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ-д орно. Үүнтэй холбоотой шийдвэр, тогтоол гарсны дараа тодорхой зохицуулалт хийнэ” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр тэмдэглэв. Мөн энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийднэ гэлээ.
Энэ сарын 13-ны байдлаар, 28500 сурагч 12 дугаар анги төгсөх мэдээ байна. Үүнээс одоогоор 20 мянга гаруй сурагч ЭЕШ-даа бүртгүүлжээ. ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтыг цахимаар шийдэж байгаа аж.
Цэцэрлэг болон хувийн сургуулийн хаврын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болжээ. БСШУСЯ-наас төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө хөнгөлөх асуудлыг эцэг эхчүүдтэй нь зөвшилцөж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ.
Мэргэжлийн сургалтын төвүүд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сургалтаа явуулах хүсэлт УОК-т ирүүлж буйг тэрбээр тэмдэглээд, тухайн сургалтын байгууллага нь ХНХЯ-наас зөвшөөрөл авч, тус яамны хяналтанд сургалтаа явуулахыг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар, ЮНЕСКО-гийн гишүүн 192 улс орон хичээл, сургуулийн сургалтыг зогсоож нэг тэрбум 700 сая хүүхэд хөл хорионд байгааг мэдээлэлдээ тэмдэглэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.