Х.Рухани: АНУ-ын империализм коронавирусээс аюултай
Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани АНУ-ын империализмийг вирустэй зүйрлээд, энэ нь хүн төрөлхтөний хувьд коронавирусээс илүү аюултай хэмээн хэлжээ. Мөн АНУ-ын эрх баригчдын дээрэнгүй, хэтэрсэн шаардлагууд Иран, Венесуэл зэрэг тусгаар тогтносон, эрх чөлөөг эрхэмлэгч орнуудад үргэлж шахалт үзүүлсээр байна гэж мэдэгджээ.
Х.Рухани Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуротой даваа гаргийн орой утсаар ярих үеэрээ ийнхүү хэлжээ. Мөн тэрбээр Иран, Венесуэл эв санаагаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр АНУ-ын түрэмгий, хуучны вирустэй тэмцсээр ирсэн гэж нэмж хэлсэн байна.
Коронавирустэй тэмцэх Ираны хүчин чадлын талаар тэрбээр, оношлуурыг үйлдвэрлэх чиглэлд ололт амжилтууд гарч байгааг онцлоод, халдвартай тэмцэх чиглэлийн туршлагаа найрсаг Венесуэл улстай хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Х.Рухани “ОПЕК+”-ын хурлаар гарсан шийдвэрүүдийн талаар, “Бид нефтийн үнэ тогтворжих хүртэл олборлолтоо бууруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ. Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг харгис, нэг талыг баримталсан хэмээн шүүмжилсэн Ираны Ерөнхийлөгч эдгээр нь олон улсын дүрэм журам болон хүмүүнлэгийн зарчмуудтай зөрчилдөж байна гэж мэдэгджээ.
Н.Мадуро утсаар ярих үеэрээ Ираны Засгийн газар, ард түмэнтэй эв санааны хувьд нэгдмэл гэдгээ илэрхийлээд, “COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд гаргаж буй Ираны хүчин чармайлтыг сайшаажээ. Мөн тэрбээр Иран, Венесуэл империализмийн эсрэг үргэлж нэгдмэл байр суурийг баримталсаар ирсэн гэж хэлсэн байна.
Дэлхийн бүх орон коронавирусний эсрэг тэмцэлд нэгдэж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч онцлоод, вирусийг ялан дийлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардлагатай гэж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.