“UFC” хувийн арал дээр тэмцээн явуулахыг зорьж байна
![“UFC” хувийн арал дээр тэмцээн явуулахыг зорьж байна](http://olnodo.com/media/images/5e96c9151946a.jpg)
Холимог тулааны “UFC” холбооны удирдлага тэмцээнээ ирэх 5 дугаар сард хувийн арал дээр явуулахыг зорьж байна гэж “ESPN” телевиз мэдээлжээ.
Өмнө нь “UFC” холбоо 3 дугаар сарын 21, 28 болон 4 дүгээр сарын 11, 18-нд явуулахаар товлоод байсан тэмцээнүүдээ коронавирусний цар тахлын улмаас цуцалсан юм. Дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йоркт болох ёстой байсан Оросын тулаанч Хабиб Нурмагомедов, Америкийн тулаанч Тони Фергюсон нарын тулаан “UFC”-гийн онцлох тулаануудын нэг байсан. Гэсэн хэдий ч коронавирусний цар тахлын улмаас Х.Нурмагомедов тэмцээнд оролцохоос татгалзаж, түүний оронд Америкийн тулаанч Жастин Гейжи оролцохоор болсон байна.
Тавдугаар сарын 9-нд явуулахаар товлосон тэмцээнд оролцох тулаанчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай “UFC”-гийн тэргүүн Дэйна Уайт мягмар гарагт мэдэгджээ. Тэмцээн эхлээд Бразилд болох ёстой байсан хэдий ч халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан байна.
Тэмцээнийг Уайт “Тулаанчдын арал” хэмээн нэрлэсэн бөгөөд яг хаана явуулах гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.