Тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг УНТЭ-т анх удаа хийжээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг анх удаа хийжээ.
Тодруулбал, мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг гуравдугаар сарын 4-нд, тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг энэ сарын 6-ны өдөр амжилттай хийсэн байна.
Үйлчлүүлэгч 39 настай, эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон тул амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикранио-эктоми хагалгаанд орсон байна. Маргаашнаас нь биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараагаас таягтай босч явдаг болжээ
Үйлчлүүлэгч 32 настай, эмэгтэй цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул 3 дугаар сарын 26-д эмнэлэгт хандсан. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчилдэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авч хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхжээ. Өвчтөн мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлжээ.
Тус эмнэлэгт эдгээр хагалгааг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.