Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд НӨАТ-аас чөлөөлнө

Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан. Энэ дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий Тавантолгой нүүрс компанийг байгуулсан. Тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу нэг тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон. Иймээс сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан бөгөөд өмнө нь энэ төрлийн НӨАТ авч байгаагүй, шинээр авч байгаа тул төсвийн орлогод нөлөөлөхгүй аж.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “төслийн хоёрдугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Тус заалт нь хуулийн төслийн хэрэгжих хугацааг заасан байв.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Харин УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатаас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, хуулийн төсөлд маргаантай, судлах асуудлууд байгаа тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулж, Ажлын баг байгуулах шаардлагатайг мэдэгдлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ахлахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.