АНУ-ын коллежууд хамгийн хүнд үетэйгээ удахгүй нүүр тулж болзошгүй гэв

Дээд боловсролын салбарын хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр оюутны байр, хотхонууд хэдэн сарын турш үүд хаалгаа барьж, төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа, элсэлтийн шалгалтууд цуцлагдаад байна. Улсын хэмжээнд их дээд сургуулийн захиргаа, удирдлагын багийнхан намрын улирлын хичээл орохгүй байх гэдэгт сэтгэл түгшингүй байна. Жил бүр хамгийн их орлого оруулдаг зуны сургалт, хотхон дахь хуримын хүлээн авалт, спортын арга хэмжээнүүд ч цуцлагдлаа.
АНУ дахь их, дээд сургуулиуд зун, намрын сургалтын орлогоо алдаж тодорхой хохирол амсах нь илэрхий болсон хэдий ч дээрх арга хэмжээнүүд цуцлагдсанаар санхүүгийн хүндрэлд нэгэнт ороод байгаа их, дээд сургуулиудад илүү хүнд цохилт болох нөхцөл үүсчээ.
Коллежуудын санхүүгийн асуудал олон хүндрэлтэй нүүр тулгарч байна. Тухайлбал, зах зээлийн нөхцөл байдлаас хамааран коллеж нь бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадвар буурсан. Санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь асар хүнд шалгууртай болоод байна. Шинээр элсэх болон хуучин суралцаж байсан оюутнууд дунд КОВИД-19 халдварын улмаас гэр бүлийн орлого нь буурсантай холбогдуулан санхүүгийн туслалцаа шаардагдах хүний тоо ихсэх магадлал өндөр. Зарим коллежийн хувьд оюутны төлбөрөөс олдог орлого багасах, 2020 оны намрын элсэлтэд оюутан элсэхгүй, цахимаар суралцахгүйгээр нэг жил завсардах байх гэсэн эмээлт хэдийнэ үүсчээ.
Ахлах сургуулийн зөвлөх багш нар нь сурагчдадаа хичээл, сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сараас хойш төлөвлөх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.
Корнелл их сургууль 07 дугаар сарын 12-ноос өмнө оюутны хотхонд зохион байгуулахаар төлөвлөж байсан хөтөлбөрүүддээ өөрчлөлт оруулж, зарим сургалтыг цуцлан, заримыг нь цахимаар олгохоор болоод байна. Браун их сургуулийн хувьд 05 дугаар сарын дундуур болон зуны эхний хагаст хийхээр төлөвлөсөн коллежийн өмнөх сургалтын хөтөлбөрөө цуцалж, 07 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 7-ны хооронд явагдах сургалтад бүртгүүлсэн оюутнуудад тухайн үед нь мэдээлэл өгөхөөр болоод байна. Браун их сургууль өнгөрсөн жилийн зуны сургалт, спортын арга хэмжээнээс 30 сая долларын орлого олсон нь жилийнх нь үйл ажиллагааны орлогын 3 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Пенсильванийн Дикинсоны коллеж болон Франклин&Маршалл коллежийн холбогдох албан тушаалтнууд зуны сургалтыг үргэлжлүүлэхгүй бол эдгээр коллежуудын орлого тасарна гэдгийг дурдсан байна. Франклин&Маршалл коллежийн санаа зовж буй томоохон асуудал нь гадаад оюутнууд намрын элсэлтэд хамрагдах боломжгүй байх магадлал юм. Учир нь тус сургуулийн анги тус бүрийн 20 хувь нь гадаад оюутнуудаас бүрддэг ажээ.
Мичиган мужийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сэмюэл Стэнли "суралцах өргөдөл, төлбөрийн урьдчилгаа байршуулсан байдал нь өнгөрсөн жилийн түвшинтэй ойролцоо байгаа нь баяртай мэдээ хэдий ч гадаад оюутнуудын элсэлтээс эрсдэл үүсч болзошгүй " талаар дурдсан байна.
Мичиган мужийн хувьд мөн зуны сургалтуудыг зогсоохын зэрэгцээ, 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрийг царцааж, шинээр төлөвлөж байсан барилгын төсөл, бусад үйл ажиллагааны зардлыг багасгахаа зарлалаа.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.