БНСУ-д парламентын сонгууль болж байна
Лхагва гарагт /2020.04.15/ БНСУ-д парламентын ээлжит сонгууль болж байна. Нийт 14330 санал хураах байр 06.00-18.00 цагийн хооронд ажиллах бөгөөд иргэд БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох юм. Тус улс КОВИД-19 цар тахлын үед сонгууль явуулж буй дэлхий дээрх анхны улс болов.
Гол өрсөлдөөн эрх баригч “Тобуро” Ардчилсан нам, Нэгдсэн ирээдүйн намын хооронд өрнөнө. Тус улсын улс төр судлаачид энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулна гэж үзэж байна. Тус улсад коронавирусний халдварын тархалт хумигдахын хэрээр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, эрх баригч намын нэр хүнд тасралтгүй өсөж байгаа аж. “Realmeter” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сүүлийн 17 сард Мүн Жэ Ин 54.4 хувийн дэмжлэг авчээ. Тобуро нам 43.2 хувийн дэмжлэг авсан бол Нэгдсэн Ирээдүйн нам 28.8 хувийн дэмжлэгтэй байна.
БНСУ-ын Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг аюулгүй явуулах зорилгоор боломжтой бүхий л арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Сонгогчид санал хураах байранд ирэхдээ амны хаалт зүүсэн байх ёстой бөгөөд тэдний биеийн халууныг хэмжиж оруулах гэнэ. Сонгогчийн халуун 37.5 хэмээс дээш заасан тохиолдолд өвчний шинж тэмдэгтэй сонгогчдод зориулан тусгайлан зассан санал хураах байр руу явуулах гэнэ. Түүнчлэн, иргэд бие биенээсээ нэг метрийн зай барих ёстой бөгөөд санал өгөх тасалгаанд орохоосоо өмнө гараа ариутгаж, бээлий өмсөх аж. Санал хураах байранд мөн тогтмол ариутгах хийх гэнэ.
БНСУ-д нийт 10 564 хүн коронавирусний халдвар авснаас 222 хүн нас барж, 7534 өвчтөн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.