АБГББХ: Арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

АБГББХ: Арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаан 11 цаг 28 минутад эхэлж, арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 10 дугаар 11-ний өдөр ирүүлсэн Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий Хөтөлбөрийг 2015 онд  байгуулсан бөгөөд энэ хүрээнд 65 сая еврогийн санхүүжилтийг Европын холбооноос олгохоор болсон. Хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар нийт гурван төсөл хэрэгжүүлсэн бөгөөд буцалтгүй тусламжийн үлдсэн хэсэг болох 50.8  сая орчим еврог төсвийн  дэмжлэг болон текникийн туслалцаа хэлбэрээр авахаар талууд тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Түүнчлэн тэрбээр, Европын Холбоотой хэрэгжүүлж байгаа хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслөөр үйлчлэх түншлэгч орнуудын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцээр нь  Европын Холбооны жишиг хэлэлцээр бөгөөд тус холбооноос тусламж олгож буй орнуудтай байгуулдаг. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн  болон бусад татварыг чөлөөлөх явдал гэж байлаа. 

Уг асуудлыг УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэн. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.