В.И.Лениний ойг Говь-Алтай аймагт цэвэрлэгээ хийж, тэмдэглэжээ

Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ильич Лениний мэндэлсний 150 жилийн ой өчигдөр тохиосон билээ.
Тус ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Баян-уул сумын иргэд сумын төв талбай болон В.И.Лениний хөшөөний эргэн тойрныг цэвэрлэсэн байна.
ЗХУ-ын ВЛКСМ-ийн дээд сургуулийн төгсөгч, философийн ухааны доктор В.Алзахгүй “Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынхан Ленин багшийн хөшөө, талбайд их цэвэрлэгээ хийжээ. Тэгээд амсхийж суугаа нь энэ. Ленин дэлхийн тэнхлэгийг эргүүлсэн хүн. Ер нь монгол цустай хүмүүсийн манлай нь мөн. Засгийн тэргүүн болсны дараа мэдээж Монголын тухай бодсон нь гарцаагүй. Тэгээд зохистой цаг үед нь хувьсгал хийх бэлтгэлийг их эртнээс бүх талаар хийсэн юм билээ. Хэзээ хийх вэ гэдгийг маш их тооцсон. Монголчууд өөрсдөө хүснэ, тэдэнд туслах хүмүүс оччихсон, бүр нам байгуулах бэлтгэлийг орос хэл дээр хоёр хувилбараар бэлтгэсэн гээд мөн ч олон асуудал байгаа юм даа. Цэрэг хөдөлгөнө, жанжин, дэд жанжин бэлэн. Түүх бол түүх. Түүхийг зохиодоггүй, эдүгэчилж болдоггүй. Нэгийг нөгөөгөөр үгүйсгэж болдоггүй. Ямар ч уянгын халил хэрэггүй. Хараал ерөөл бүр ч хэрэггүй. Зөвхөн баримт бичиг, нотолгоонд тулгуурладаг учиртай. Хамгийн гол нь Ар Монголын тусгаар тогтнолд Ленин багш мөнхийн гавьяатай. Өвөг дээдсийн минь төрсөн нутагт маань ийм нэгэн хөшөө байж байг ээ” гэж бичсэн талаар Монгол дахь ОХУ-ын ЭСЯ цахим сүлжээндээ бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.