“Apple” БНСУ дахь дэлгүүрээ нээнэ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдвар саарсантай холбогдуулан тус улс дахь дэлгүүрээ энэ долоо хоногт нээнэ гэж АНУ-ын “Apple” компани өнөөдөр мэдэгдлээ.
БНХАУ-аас бусад оронд байрладаг бүх дэлгүүрээ өнгөрсөн гуравдугаар сард хаасан “Apple” эхний дэлгүүрийнхээ үйл ажиллагааг сэргээх гэж буй нь энэ юм. “БНСУ-ын нийслэл Сөүл хотын Ганнам дүүрэг дэх дэлгүүрээ бямба гарагт нээнэ” гэж “Apple” компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Халдвар авсан хүнийхээ тоогоор Хятадын араас бичигдэж байсан БНСУ-д сүүлийн үед шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо ихээхэн буурсан бөгөөд сүүлийн таван хоног дараалан өдөрт 30-аас цөөн тохиолдол бүртгэгджээ.
“Apple” цар тахлын улмаас өнгөрсөн хоёрдугаар сард хаасан Хятад дахь дэлгүүрүүдээ нэг сарын дараа нээсэн юм. Ташрамд дурдахад, “Apple” шинэ загварын “iPhone SE” гар утсаа худалдаанд гаргахаа олон нийтэд мэдэгдсэн боловч БНСУ-д хэзээнээс худалдаалж эхлэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.