Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг ирэх даваа гарагт нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг ирэх даваа гарагт нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 22-нд хааж, засварлаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон мэргэжилтнүүд замын засварын ажлын явцтай танилцлаа.

Анх 1989 онд барьсан тус гүүрэнд 2010 онд засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засвар огт хийгээгүй аж.

Гүүр, гүүрэн байгууламжийн  засварыг байнга хийх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засварлан шинэчилж байна. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 27-нд  06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээнэ. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлээс гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийж байгаа” гэдгийг Зам засварын ажлын явцын талаар  Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэллээ.

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир, “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөний зохион байгуулалт,  аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талд илүү анхаарч байгаа тул иргэд Замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй” гэв.

Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртэлх урсгалыг хаажээ. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулсан байна.

Дашрамд дурдахад, энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай автозам шинээр тавихаас гадна уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км автозамын ажил хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.