Зүүм нэртэй үйлчилгээнээс татгалзахыг уриалжээ

Индонезийн Батлан хамгаалах яам аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа видео бага хурлын “Зүүм” үйлчилгээнээс татгалзахыг уриаллаа. Түүнчлэн ажилтнуудаа видео бага хурал явуулах тохиолдолд яамны мэдээллийн төвдөө урьдчилан хандах шаардлагатай болохыг тэмдэглэсэн байна.
Шинэ коронавирусний цар тахлаас болж дэлхийн улс орнууд хөл хорио, тусгаарлалтын хатуу дэглэмд шилжсэнээр “Зүүм” үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажилтнуудтайгаа онлайнаар хуралддаг болсон. Гэвч энэ цэс аюулгүй байдал, нууцлалыг хангаж чадаагүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон юм.
Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яам ажилтнууддаа албаны зорилгоор энэ үйлчилгээг ашиглахыг хязгаарласан байна. АНУ-ын сенатаас ч сенатын гишүүдээ мэдээллийн аюулгүй байдлын үүднээс “Зүүм” хэрэглэхгүй байхыг сануулжээ.
Видео холбооны үйлчилгээ явуулдаг “Зүүм видео коммуникэйшн” компани 2011 онд байгуулагдсан юм. Энэ компаниас гаргасан үйлчилгээний эрэлт өнгөрөгч гуравдугаар сард өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 20 дахин өссөн байна. Мөн хувьцааны үнэ нь 2 дахин нэмэгдсэн болохоор хөрөнгө оруулагчид энэ компанийн коронавирусний цар тахлаас асар их ашиг олох цөөн компанийн нэг үзэж байгаа юм.
“Зүүм” үйлчилгээгээр хүмүүс гэрээсээ ажиллаж, суралцаж, ойр дотны хүмүүстэйгээ харилцах өргөн боломж бүрджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.