Ерөнхий сайдад 300 СЭТГҮҮЛЧИЙН гарын үсэг бүхий ШААРДЛАГА хүргүүллээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон түүний хүү Г.Аранзал нарын тухай мэдээлэл гаргаж, Г.Аранзалын нэр дээрх алтны уурхай байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн байдаг. Энэ хүү нэвтрүүлгийн мөрөөр шалгалт явуулах, хуулийн байгууллагын алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагыг өнөөдөр /2020.04.27/ 17.30 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригт гардуулав.
Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Өнөөдөр эрх чөлөөнийхөө тухай ирсэн сэтгүүлч нартаа баярлалаа. Өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлч нар нэгдэж, тэмцэж байгаа. Энэ бол нэг сэтгүүлчийн асуудал биш. Зөвхөн сэтгүүлч нарын асуудал ч биш. Иргэдийн мэдэх эрхийн тухай асуудал. Баримтыг дэлгэж тавьсан сэтгүүлчийг шалгаж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд ЦЕГ, АТГ, Монгол Улсын Засгийн газарт энэ асуудлаар хандсан. Хэвлэл мэдээллийнхэн алтны уурхайд очиж хамтарсан сурвалжилга хийсэн. Тиймээс энэ асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Тиймээс би сэтгүүлчийнхээ хувьд энэ шаардлагад нэгдэж байгаагаа илэрхийлж, 219 дахь сэтгүүлч болж гарын үсгээ зурж байна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг уг шаардлагыг хүлээж аваад, хуулийн хугацаанд хариу өгнө гэдгийг мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.