БНАСАУ: Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

БНАСАУ: Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

БНАСАУ-ын улсын радио ням гарагийн өглөө тус улсын удирдагч Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлснийг Өмнөд Солонгосын  “Ёнхап” агентлаг дамжуулжээ.

Тус радиостанцын мэдээлснээр, Ким Жон Ун Самжиён хотыг бүтээн байгуулахад чин сэтгэлээсээ тусалсан ажилтан, ажилчдад талархал илэрхийлжээ. Гэхдээ талархлыг ямар хэлбэрээр илэрхийлснийг тодруулаагүй байна.

Самжиён хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны сүүлээр ёслол төгөлдөр дууссан бөгөөд ёслолын арга хэмжээнд Ким Жон Ун биечлэн оролцсон билээ.

Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ Хойд Солонгосын удирдагч ОХУ-д айлчилсны нэг жилийн ойтой холбогдуулан ОХУ-ын Коммунист намын тэргүүн Геннадий Зюгановаас пүрэв гарагт баярын цахилгаан утас авсан тухай мэдээлжээ.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны олон нийтийн арга хэмжээнд оролцсон тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Хамгийн сүүлд Ким Жон Уны нисэх хүчний анги нэгтгэлд шалгалт хийж буй гэрэл зураг энэ сарын 12-нд Солонгосын мэдээллийн төв агентлагийн цахим сайтад нийтлэгдсэн байна. Өмнөд Солонгосын “Daily NK” цахим хэвлэлд Ким Жон Ун зүрх судасны мэс засалд орсны дараа эмчилгээ хийлгэж байна гэж мэдээлсний дараа олон улсын хэвлэл, нийгмийн сүлжээнд Ким Жон Уны биеийн байдал хүнд байгаа тухай цуурхал дэгдэж эхэлсэн. Зарим хэвлэлд БНАСАУ-ын удирдагч нас барсан тухай мэдээлэл гараад байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар Ким Жон Ун эрүүл мэнд ноцтой асуудалтай байгаа гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэж мэдээлснийг “Ёнхап” агентлаг дамжуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.