Ким Жон Унд юу тохиолдсон бэ?
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны талаар янз бүрийн мэдээлэл гарах болсон. Түүнийг нас барсан гэх мэдээлэл ч гараад байгаа энэ үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлэлд хэрхэн өгүүлж буйг хүргэе.
Хойд Солонгосын талаар мэдээлэл сайтай байдаг, хамгийн түрүүлж мэдээлдэг гэх Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Ким Жон Ун мэс засалд орсныхоо дараа бие нь муу байгаа гэж мэдээлж байна. Тэгвэл “CNN” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчийг хурдан тэнхрэхийг ерөөгөөд эрүүл энхийг хүссэнийг дамжуулсан.
Мэс заслын дараа Ким Жон Уны бие муудсан эсвэл бүр үхлийн ирмэгт очсон байж болох ч тэр нас бараагүй гэж зарим хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлсэн байлаа.
Ким Жон Ун илүүдэл жинтэй, тамхи татдаг, хөдөлгөөний дутагдалтай, удаан хугацаагаар сууж ажилладаг, их иддэг, стрессээ тайлах гэж архи уудаг гэх зэрэг мэдээлэл бий. Мөн түүний аав, өвөө хоёр нь зүрхний шигдээсээр нас барж байсан нь удамшлын өвчин байгааг илтгэнэ. Түүнчлэн мэргэжилтнүүд Кимийг чихрийн шижинтэй гэж үздэг.
Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 11-нд олны өмнө гарсан бөгөөд намынхаа улс төрийн товчооны хуралд оролцоогүй, Нарны баяр, энэ сарын 15-нд болсон БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдөрт оролцох ёстой ч ирээгүй аж. Уг баяр энэ жил коронавирусний улмаас армийн жагсаалгүйгээр болсон.
Гэхдээ энэ сарын 11-нд Ким Жон Уны хувийн нисдэг тэрэг болон Пеньянаас гарч яваа машиныг нь харсан хүмүүс байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Ким Жон Уныг коронавирусний халдвараас сэргийлэн хөдөө байдаг харш руугаа явсан гэж таамаглаж байгаа аж.
Өмнөд Солонгост үүссэн, Хойд Солонгосын тухай бичдэг “Daily NK” хэвлэл мэдээлэхдээ “Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон. Мэс заслын дараа тэр Пеньянаас гарч, хөдөө очсон бөгөөд эмч нар нь удалгүй нийслэл рүүгээ буцсан” гэжээ. Ким зүрх судасны өвчнөөр шаналж байсан аж.
Тэгвэл АНУ-ын нэгэн сэтгүүлч Ким Жон Уны бие муу байгаа, тархи нь үхэжсэн гэж “Твиттер”-тээ бичжээ. Гэхдээ тэрбээр удалгүй уг жиргээгээ устгасан байна.
Гэхдээ тагнуулын мэдээгээр Хойд Солонгосын удирдагчийн бие муу байгаа гэсэн ямар ч мэдээлэл олоогүй гэнэ.
2008 онд Ким Чен Ир цус харваж, комд ороход Пеньян уг мэдээллийг долоо хоногийн турш нуусан бол 2011 онд түүнийг нас барахад хоёр хоног дуугүй байжээ. Иймээс Ким Жон Уны эрүүл мэндийн талаарх мэдээлэл дэлхий даяар ийм хурдан тархсан нь сэжиг төрүүлж байгаа юм. Хатуу, хаалттай дэглэмтэй Хойд Солонгосын хувьд эдгээр мэдээлэл үнэн байх нь боломжгүй зүйл аж.
Түүнчлэн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй байгаа ч Ким Жон Уны бүх зүйл сайн байгаа бөгөөд тэр хөдөөх харшдаа ажиллаж, тэр ч бүү хэл айлчлалуудаа төлөвлөж байгаа гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.