Б.Дашдондог: “THE HU хамтлаг бол үндэсний баялаг” гэдгийг л ойлгоосой

"Ковид-19" цар тахлаас шалтгаалж The HU хамтлагийн аялан тоглолт түр цуцлагдаад байгаа билээ. Энэ талаар The HU хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер, МУГЖ Б.Дашдондогоос тодрууллаа
-Таны хувьд хамтлагийн гишүүдээ Монголдоо авчрах хүсэлт гаргасан байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаа дуустал хүлээх боломжгүй хэмжээнд тулчихсан ажил байгаа гэсэн үг үү?
-Дэлхийд гарч, нэр алдраа цуурайтуулаад явж байгаа хамтлагуудын хувьд “2-р альбом” хамгийн чухал байдаг юм. Энэ альбом сайн гарч чадах юм бол нэрээ үлдээж чаддаг тийм жишиг ч бий. Одоо бид шинэ альбомоо хийж, энэ ондоо багтаагаад өгөх ёстой. Бид энэ боломжийг алдаж болохгүй. Энэ бүхэн алсуураа Монгол Улсад ч хэрэгтэй. Тийм учраас л би “The HU хамтлагийг Монгол руугаа татаач дээ, энэ чинь Монгол Улсын үндэсний баялаг шүү дээ” гээд байгаа юм. Дэлхийд нэрээ дуурсгасан хамтлагаа өөрсдөө татаж аваад, хамгаалаад, альбомд нь санаа тавиад сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй байна.
-Хэрвээ The HU хамтлагийн хоёрдугаар альбом амжилт олох юм бол..?
-The HU ерөөсөө дэлхийн од болчихлоо л гэсэн үг. Одоо бид дөнгөж л дөрөөн дээрээ зогсож байна. Ийм байхад нь жаахан тойлоод тордоод өгмөөр байна шүү дээ.
-Та хаана, хаана хандсан бэ?
-УОК-т гурван удаа хандлаа, Б.Ууганбаяр дэд хурандаа руу утасдаж хэлсэн. Шадар сайд Ө.Энхтүвшин рүү мессеж илгээсэн. Албан ёсоор бичгээ оруулж өгсөн. Хүн болгонд л хэлж байна. Монгол Улс энэ цар тахлын үед бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байгаа нь бидний бахархал хүндэтгэлийг төрүүлж байгааг энэ дашрамд хэлье.
-Хамтлагийн гишүүд Австралид байгаа гэсэн. Та хамт байж байгаад ирсэн юм уу?
-Тийм. Өөрөө ирж байгаад хамтлагаа татаад авна гэдэг ойлголттой ирсэн. Бид хоёр сар орчим чимээгүй хүлээцтэй байлаа. Одоо бол дуугармаар санагдаж байна. Фэнүүд маань ч гомдол саналаа бичиж байна. Гадаад орны фэнүүд “Улс нь яагаад ганц алдартай хамтлагаа татаж авдаггүй юм бэ” гэсэн сэтгэгдэл асар их бичиж байна. The HU хамтлаг бол Монголчуудын дэлхийд гарах гарцыг нээж байгаа хамтлаг, үндэсний баялаг юм гэдгийг л ойлгоосой. Ирээдүйд Монголын эдийн засагт эергээр нөлөөлж болох хамгийн их зүйлийг авчрах хамтлаг бол The HU шүү.
The HU хамтлагийн ахлагчтай онлайнаар холбогдож гурван асуултад хариулт авлаа
The HU хамтлагийн ахлагч Ц.ГАЛБАДРАХ: “ЭХ НУТАГТАА ОЧИХ ЮМ БОЛ хоёр ДАХЬ ЦОМГИЙНХОО АЖИЛД ШАРГУУ ОРМООР БАЙНА”
-Сайн байна уу? Та нарыг Австралид дуу бичлэгийн студитэй хамтарч ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Энд нэг студи дээр бичлэг хийлгэж байсан юм. Австрали улс хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёроос дээш хүн нэг дор цуглуулж болохгүй гэдэг журам мөрдөгдөж байгаа учир бид байрлаж байгаа байрандаа өөрсдөө бичлэгээ хийж байна. Ажиллах нөхцөл үнэхээр учир дутагдалтай байгаа ч хоёр дахь цомгийнхоо дуунуудыг бичиж эхэлсэн. Одоогийн байдлаар 4-5 дуу бичээд байна.
-Бушуухан харих сан гэж бодогдож байна уу?
-Мэдээж. Бид бүгд л гэр бүлийнхнээ санаж байгаа. Эх нутагтаа очих юм бол хоёр дахь цомгийнхоо ажилд шаргуу ормоор байна. Энд зөвхөн өдрийн цагаар л дуу хөгжим дуугарах ёстой. Хажуу хөршдөө саад болж болохгүй учраас тодорхой цагт багтаагаад ажиллахад нэлээд хумигдмал болоод байна. Студи дээрээ бол чөлөөтэй юмаа хийнэ, хүссэн үедээ хөгжмөө дуугаргах боломжтой.
-Аялан тоглолтоор явж байхад үзэгчдээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Үзэгчид, фэнүүд их сүртэй хүлээж авч байгаа харагддаг.
-Мэдээж сайхан байлгүй яахав. Бид өөрсдийн эх хэл дээрээ дуулж байгаа. Хөгжим гэж дэлхий дээр ганц сайн ойлголцдог хэл байна шүү дээ. Очсон газар болгон шинэ. Шинэ газар болгон бидний дууг хэдэн жилийн турш сонсож байгаа юм шиг, аль хэзээний мэддэг юм шиг л хүлээж авдаг.
-Монголдоо аль болох хурдан ирээрэй. Амжилт хүсье, залуучууд аа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.