Хорих ангиас 300 ХОРИГДОЛ СУЛЛАХ эрхзүйн шийдэл хайж байна

-Хэрэв шийдэлд хүрвэл 300 орчим хоригдол суллагдана-
Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор олон улсад хорих ангиудыг эрсдэлтэй нөхцөл байдалд тооцож байна. Манай улсад ч мөн шоронгийн нөхцөлийг эрсдэлтэй гэж үзэж байгаа ба хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах тухай асуудал яригдаж эхэлсэн байгаа.
Энэ тухай дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн билээ. Тэрбээр "Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн энэ үед шоронгийн нөхцөлийг дэлхийн улс, орнууд хамгийн эрсдэлтэй гэж тооцож байна. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудал яригдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд хууль эрх зүйн боломжуудыг хайж, нэг удаа тэдэнд өршөөл үзүүлэх хуулийг судалж байна" хэмээсэн байдаг.
Тэгвэл энэ асуудал хагас жилийн өмнөөс нэр бүхий албан тушаалтнуудын дунд яригдаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ингэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих ангиудаас хүн амь, хар тамхи, хүчингийн хэргээс бусад хөнгөн ял шийтгэгдсэн хоригдлуудын судалгааг албан тушаалтнууд авч танилцжээ.
Түүнчлэн эдгээр хоригдлууд дотроос 60-аас дээш насныхан, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, болон насанд хүрээгүй ялтнуудын тухай мэдээллийг нягталж байгаа аж.
Ийнхүү хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах тухай боломжийг эрхзүйн хүрээнд судалж байгаа ба өршөөлийн хууль санаачлахгүйгээр зохицуулалт хийхээр ярилцаж эхэлжээ. Тодруулбал, гамшгийн нөхцөл байдал үүссэн онцгой үед Эрүүгийн хуулийн ял хойшлуулах, хөнгөрүүлэх заалтуудад үндэслэх шийдэл хайж байгаа юм байна. Хэрэв эрхзүйн шийдэлд хүрвэл, хорих ангиас 300 орчим хоригдол суллагдах тухай мэдээлэл бий.
Гэвч энэ асуудал одоогоор зөвхөн санал, судалгааны шатанд явж байгаа цаашид процесс олон үе шаттай явагдана.
Ял шийтгүүлсэн хоригдлуудын нэгдсэн судалгааг үндэслэж, суллагдах боломжтой хөнгөн ял шийтгүүлсэн хоригдлуудын нэрсийг ангийн удирдлага болон хууль хэрэгжүүлэх албан тушаалтнууд гаргах аж. Улмаар хэрэгтнүүдийн судалгаа, жагсаалтыг прокурорын байгууллагаас хянаж, суллах боломжтой, нийгэмд аюулгүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх иргэдийн мэдээллийг шүүхэд хүргүүлснээр эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.