АНУ дахь Кубын ЭСЯ руу гал нээсэн эрэгтэй хэн болохыг тогтоожээ

Хууль сахиулах байгууллагынхан Вашингтон хот дахь Кубын Элчин сайдын яам /ЭСЯ/ руу гал нээсэн эрэгтэй хэн болохыг тогтоож, хэрэг үүсгэсэн гэж АНУ-ын нийслэл хотын цагдаагийн газрын төлөөлөгч Хью Кэрью мэдээлжээ.
Түүний хэлснээр, уг этгээд Техас муж улсын Обри хотын оршин суугч, 42 настай Александр Аласо гэгч эрэгтэй аж. Түүнийг хэргийн газар дээр хүний амь бүрэлгэхийг завдсан хэргээр баривчилсан байна.
Уг эрэгтэй пүрэв гаргийн шөнө Вашингтон хот дахь Кубын ЭСЯ-ны байр руу гал нээжээ. Гал нээх үеэр хүний амь эрстээгүй боловч барилга эвдэрсэн байна. Цагдаагийн газраас өмнө нь мэдээлж байснаар, дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх зогсоолд сэжигтэнтэй холбоотой байж болзошгүй тээврийн хэрэгсэл тавьсан байсан бөгөөд уг машин дотроос Америкийн далбаа, цагаан өнгийн баг олджээ.
Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Парриллья ЭСЯ-ны байр руу нь гал нээснийг террорист ажиллагаа хэмээн мэдэгджээ. Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель мөрдөн шалгах ажлын үр дүнг АНУ-ын эрх баригчдаас хүлээж байгаа бөгөөд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед 2015 онд хоёр орны дипломат харилцааг сэргээсний дараа Вашингтонд Кубын ЭСЯ-ны үйл ажиллагаа сэргээсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.