Монголд анх удаа дэргэдээ үзэгчгүй халз барилдаан болов

Монголд анх удаа дэргэдээ үзэгчгүй халз барилдаан болов

Монголд анх удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын “Сүлд” спорт хорооны зааланд үзэгчгүй бөхийн барилдааныг зохион байгуулав.

Монголын Үндэсний бөхийн холбооноос Хамаг Монгол студитэй хамтран ням гарагт /2020.05.03/ энэхүү халз барилдааныг онлайнаар үзэгчдэд толилууллаа. Халз барилдаанд оролцох бөхчүүд бямба гарагт /05.02/ сайн дураараа коронавирусний шинжилгээнд хамрагдсан бөгөөд барилдааныг зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсан байна.

Энэхүү халз барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс/УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах юм.

Монгол Улсын харцага цолтон 5, улсын начин цолтон 4, мөн нэг аймгийн арслан цолтон таван тойрог ширүүн өрсөлдсөний эцэст Монгол Улсын харцага цолтнууд 13:12 гэсэн онооны харьцаагаар улсын начин цолтнуудыг ялж, энэ удаагийн хандивын сайн үйлсийн барилдаанд түрүүллээ.

Энэхүү халз барилдаанд үзүүлсэн хувийн амжилтуудыг танилцуулахад, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий 5 даваа, нэг ч унаагүй, Улсын начин Б.Серик дөрвөн даваа, нэг унаа, Улсын начин Б.Орхонбаяр дөрвөн даваа, нэг унаа, Улсын харцага Д.Анар гурван даваа, хоёр унаа, Улсын харцага М.Бадарч хоёр дава, гурван унаа, Улсын харцага Т.Бэгзсүрэн хоёр даваа, гурван унаа, Улсын начин Ц.Одбаяр хоёр даваа, гурван унаа, Улсын харцага Б.Одгэрэл нэг даваа, дөрвөн унаа, Улсын начин Э.Даш нэг даваа, дөрвөн унаа, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нэг даваа, дөрвөн унаатайгаар 1-10 дугаар байрт шалгарсан байна.

Анх удаа зохион байгуулагдсан онлайн барилдаан бөхийн хорхойтон, үзэгч дэмжигчдийн талархалыг хүлээсний зэрэгцээ цаашид энэ хэлбэрээр тэмцээн зохион байгуулахад юуг анхаарах, хэрхэн зохион байгуулах талаар том туршлага боллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.