Дэлхийн удирдагчид вакцины судалгаанд олон тэрбумыг амлалаа

Европын Холбооноос /ЕХ/ зохион байгуулсан цахим дээд хэмжээний уулзалтад 40 гаруй орны төлөөлөгчид, хандивлагчид оролцож, коронавирусний вакциныг гарган авах, уг өвчнийг судлах, эмчлэхэд найман тэрбум гаруй ам.долларыг зориулахаа амлажээ.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен, дэлхий дахин түүхэнд байгаагүйгээр хамтран ажиллахын эхлэлийг тавьлаа гэж мэдэгджээ. Тэрбээр энэхүү мөнгө нэгдмэл, хүмүүнлэг байдлыг илэрхийлж байгаа хэдий ч цаашид үүнээс илүү хөрөнгө шаардагдана гэж нэмж хэлсэн байна.
Дэлхийн 30 гаруй орон, НҮБ, сайн үйлсийн байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд энэхүү хандивыг босгожээ. Мөн Америкийн поп дуучин Мадонна тэргүүтэй хүмүүс хандив өргөсөн бөгөөд тэрбээр 1.1 сая ам.доллар хандивлахаа амласан гэж У.Лайен мэдэгджээ.
Европын Комисс вакцины судалгаанд нэг тэрбум ам.доллароор санхүүжүүлэхээр болсон бол Норвег мөн ижил хэмжээний хувь нэмэр оруулжээ. Мөн Франц, Саудын Араб, Герман 500 сая евро, Япон 800 сая гаруй ам.долларыг зориулахаа амласан байна. АНУ, ОХУ уг үйл ажиллагаанд оролцоогүй бол 12 дугаар сард халдвар анх дэгдсэн БНХАУ-ыг ЕХ-нд суугаа Элчин сайд нь төлөөлжээ.
Нийт хандивын 4.4 тэрбум ам.долларыг вакцин гарган авахад, хоёр тэрбум ам.долларыг эмчилгээний судалгаанд, 1.6 тэрбум ам.долларыг оношлуур үйлдвэрлэхэд зориулна гэж ЕХ мэдэгдсэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.