Сонгуулийн ажил хуульд заасан хугацааны дагуу явж байна

Булган аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагайтай уулзаж ярилцлаа.
- Сонгуулийн хороо байгуулагдлаа. Бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
- Аймгийн Сонгуулийн хороог Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулууныг даргаар, аймгийн ИТХ-ын хуулийн зөвлөх миний биеийг нарийн бичгийн даргаар томилсон. Гишүүдэд аймгийн ЗДТГ-ын дарга О.Наранжаргал, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж, Татварын хэлтсийн албаны дарга С.Санжаасүрэн, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Давааням нарыг баталсан.
Аймгийн сонгуулийн хороо ажлын төлөвлөгөө болон ажил үүргийн хуваарийг батлан гаргаж гишүүдийн ёс зүйн дүрмийг танилцуулж гишүүдээр баталгаа гаргуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан цаг хугацааны хуваарь, хурлын дэг зэргийг танилцуулж ажилласан.
- Сумдын сонгуулийн хороог байгууллаа. Сонгууль зохион байгуулах хүний нөөцийн хувьд ямар байна вэ? Тодорхой шалгуур тавьж байна уу?
- Сумын сонгуулийн хороог УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг үндэслэн хуулийн хугацаанд буюу 4 сарын 24-нд хуралдаж сумын сонгуулийн хороог байгуулж ажиллаж байна. Шинэ хуулиар аймгийн болон сумын сонгуулийн хороо, хэсгийн хороонд сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа сургалтад сууж, шалгалт өгөн гэрчилгээ авсан болон өмнө нь гэрчилгээ авч нөөцөд байгаа албан хаагчдаас бүрдүүлж томиллоо. Сумын сонгуулийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар хуулинд заасны дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Одоо хуулинд заасан хугацаанд сумын сонгуулийн хороод хэсгийн хороодоо байгуулж ажиллана. Хэсгийн хороод 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байхаар хуульчлагдсан.
- Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой бэрхшээл, хүндрэл гарч байна уу?
- Одоогоор нээх хүндрээд байгаа бэрхшээл бол байхгүй байна. Гэхдээ шинэ хуулиар гэрчилгээ авсан төрийн албан хаагчид суманд цөөхөн байгаа учраас сургалтад хамруулах шалгалт өгүүлэх явдал жаахан асуудал дагууллаа. Суманд албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон болон сургалтад бүртгүүлээгүй, бүртгүүлсэн ч уншаагүй шалтгаанаар шалгалт өгөөд унасан тохиолдол гарсан. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэхээр дахин онлайн сургалт зарлаж хүний нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ жилийн УИХ-ын сонгууль “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед болно. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийг хуулийн хүрээнд мөн Улсын болон аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрт нийцүүлж хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээнүүдийг тухай бүр авч ажиллахаар төлөвлөөд байна. Цар тахал өвчний үед УИХ-ын сонгуультай холбоотой сумын сонгуулийн хороодын гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн зааварчилгаа өгөх сургалтын асуудлыг цахим болон бүсчилсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа.
- Аймгийн сонгуулийн хороо хаана ажиллаж байна. Иргэд мэдээлэл яаж авч болох вэ?
- Аймгийн Сонгуулийн хороо аймгийн Нутгийн удирдлагын ордны нэг давхарт 109 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд ажлын цагаар байнгын жижүүр ажиллаж байна. 70343329 дугаарын утсаар сонгуультай холбоотой мэдээ мэдээллийг хүргэх зөвлөгөө өгч ажиллаж байна. Байрлаж байгаа байрны хувьд мэдээллийн самбар байрлуулсан, тэнд гарч байгаа шийдвэр бусад арга хэмжээг тавина. Аймгийн сонгуулийн хороо цахим хэрэглэгч нарт зориулж фэйж хуудас нээсэн бөгөөд тэндээ аймаг сумын сонгуулийн хорооны хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтын ажлаа тавьж нийтэд мэдээлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.