Т.Гантулга:Иргэд өөрсдөө санаачлаад ЭКО орчинг үлгэр жишээчээр тохижуулж байна

Сүхбаатар сум бол Монгол Улсын хойд хилээр дамжин өнгөрч буй гадаад, дотоодын иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан золгож байдаг маш онцлогтой сум. Ингээд Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгатай уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдийгээр улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, хөл хориотой нөхцөлд ажил алба явж байгаа ч төрийн ажил үргэлжилж, иргэдийнхээ төлөө, сумынхаа хөгжил дэвшлийн төлөө та бүхэн хийх ёстой үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Он гарсаар төрийн ажил үйлчилгээ хэрхэн өрнөж буй талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Он гарсаар 1 дүгээр сарын 9-15-ны хооронд Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулсан. Энэ ажил маань 10 жил тутамд зохион байгуулдгаараа онцлогтой. Энэ удаагийн ээлжит тооллого манай суманд түүврийн аргаар сонгогдсон өрхүүдийг хамруулж хийсэн. Энэ ажилд сумын хэмжээнд 12 тоологч, 2 шалгагч ажилласан. Нийт 622 өрх тоологдож, өрхийн хамралт 102.0 хувь, тоолсон хүний тоо 2308, хүний хамралт 92.5 хувьтай явагдсан байгаа. Энэхүү 10 жилд нэг удаа зохион байгуулдаг чухал ажилд сайн оролцож, ажлын үр дүнгээрээ 17 сумын 56 багаас бусдыгаа манлайлсан “Хонгорморьт” 1-р багийн Засаг дарга Б.Амгалан, “Орхон” 6-р багийн Засаг дарга Б.Оюунаа нарт аймгийн Статистикийн хэлтсээс “Талархал”, дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.
-Саяхан Сүхбаатар сумын Засаг дарга захирамж гаргаж, хогны асуудалтайгаа нэлээд дорвитой тэмцэх шиг боллоо. Энэ ажлын талаар?
-Бид Сүхбаатар суманд хогны асуудлыг цэгцлэхийн тулд хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллахаар шийдсэн. Сумын Засаг даргын А/64 тоот "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг сумын 8 багийн хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү ажлыг аймгийн ХХҮГ-тай хамтарч, нийтийг хамарсан ажлын хүрээнд 5 сая 85 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 90 иргэнийг түр ажлын байраар ханган, баг тус бүр дээр үүссэн хур хог, хаягдлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн. Уг цэвэрлэгээнд түр ажлын байраар хангагдсан 90, сайн дурын 71 нийт 161 иргэн 446 га газар, 2.9 км үерийн далан шуудуу, 194 тн хог хаягдлыг 93 удаагийн рейсээр төв хогийн цэг рүү ачиж тээвэрлэх ажлыг маш амжилттай хийж гүйцэтгэсэн. Цаашид ч хогны асуудлаар дорвитой алхам хийхээр төлөвлөөд байгаа. Мөн давхар байрны иргэд гадна орчноо тохижуулах, бусдыгаа уриалан дуудах зэрэг бодит ажлууд хийсэн харагдсан. Иймэрхүү нийтийг уриалан дуудсан, сумаа өнгөтэй, үзэмжтэй болгох гэсэн иргэдийн санаачилгыг хэр дэмжиж ажиллаж байна?
-Манай ЗДТГ-ын зүгээс Сүхбаатар сумын “Ганзам” 7-р багийн 3-р 60 айлын дунд байрлах олон жил болсон төмөр вагончикийг нүүлгэх ажлыг зохион байгууллаа. Уг ажлыг гүйцэтгэснээр чөлөөлөгдсөн талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Мөн 3-р 60 айлын оршин суугчид айл хөршөөрөө нийлж орчин тойрноо тохижуулж, тав тухтай, эрүүл аюулгүй ЭКО орчинг өөрсдөө бүрдүүлж болохыг тод харуулж, бусаддаа үлгэр дуурайлал үзүүлэн иргэдийг энэхүү бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөөсөө эхлүүлэхийг нийт Сүхбаатар сумын ард иргэдэд уриалаад байгаа. Тэд “Хөгжилд тэмүүлсэн хөршийн холбоо” байгуулан энэхүү бүтээлч ажлаа хийж, маш сайхан орчноо тохижуулсан.
-Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг Сүхбаатар суманд анх удаа цахим орчинд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ажлын онцлог юу байв?
-Энэ жил бид Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Сүхбаатар хотод цахим орчинд зохион байгуулсан. "Хариуцлагатай хэрэглэгч" сэдвийн дор 2020 оны 03 дугаар сарын 01-15-ны хооронд хийлээ. Энэ хугацаанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн удирдлагуудтай уулзал зохион байгуулсан. Энэ уулзалтаараа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллахыг онцлон хэлэлцсэн байгаа.
-Сүхбаатар сум маань төв талбайдаа лед дэлгэцтэй болсон нь иргэдэд ихээхэн таалагдаж байна. Үүгээрээ дамжуулан сургалт, сурталчилгаа хийх, сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх гээд ихээхэн үр дүнтэй ажил болжээ?
-Тийм шүү. Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар Партизаны талбайн урд хэсэгт Лед дэлгэц байршуулсан. Энэ бол сум орон нутгийн хэмжээнд хийгдэж буй ажлын мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, Коронавирустай холбоотой зөвлөмж, сэрэмжлүүлгийг нийт ард иргэдээ түргэн шуурхай, хүртээмжтэй, үнэн зөв хүргэхэд маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Талбай дээр явж байгаа иргэд энэ дэлгэцээс хараад мэдээлэл олж авч байна.
-Сүхбаатар суманд бүтээн байгуулалтын ажил хэрхэн явуулж байна. Энэ талаар?
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.