Малчид малын тоонд бус, чанарт анхаармаар байна

Мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг Тэс сумаас 10 малчин 2019 оны ажлаараа шалгарч, “Аймгийн аварга малчин” хэмээх хүндтэй шагналын эзэн болсон юм. Эдгээр малчдын төлөөлөл болгож, дараах хүмүүстэй уулзаж ярилцлаа.
-Тэс сумын Баян-Овоо багийн малчин Гүнгээн Лхайжав:
Манайх энэ жил 700 гаруй мал тоолуулсан. Нийтдээ 70-аад үхэр, 30 гаруй адуу, 5 тэмээ, 600 шахам хонь, ямаатай. 1999 онд өрх тусгаарлан гэр бүл болсноос хойш мал маллаж байна. Эхнэрийг маань Ч.Дэлгэр гэдэг. Бид хоёр 4 хүүхэдтэй, ам бүл зургуулаа.
Жил бүрийн намар 50-100 орчим мал нядалж эргэлтэд оруулдаг. Манай нутагт малчин айл бүхэн 500-гаас дээш бог малтай болсон тул малын бэлчээр хүрэлцэхгүй, хэцүү байна. Тэсийн голын адагт өвөлжөөд улмаар хаваржаандаа бууж малаа төллүүлснийхээ дараагаар Малчин, Зүүнговийн нутаг Тээгийн худаг гэх газарт хүрч зусч, намаржаад орж ирдэг. Ах дүү хамаатан садантайгаа хамжиж дэмжээд малаа маллаж байна даа.
-Тэс сумын Ханжит багийн малчин Дашзэгвийн Сандагдорж:
Манайх 800 гаруй малтай бөгөөд ерөнхийдөө үхэр, хонь, ямаа голдуу байдаг. Нийтдээ 140-өөд үхэртэй, жилд 50-аад нь төллөдөг. Одоо мал төллөөд дуусч байна. Эхнэрийг маань Норслойн Цэнд-Аюуш гэдэг. Бид хоёр 2001 онд айл гэр болсон. Түүнээс хойш 19 жил малын төлөө хамтдаа зүтгэж байна. Өнөөдөр “Аймгийн аварга малчин” болсондоо баяртай байна. Дөрвөн аав ээжийн минь буян заяа түшиж, бас бид хоёрын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим ирж байна. Эхнэр маань малын ажлын хажуугаар монгол гутал захиалгаар оёдог. Жилдээ 40-50 орчим гутал оёж зардаг.
Тэс нутгийн маань цаг агаар хэт их халж, хэт их хүйтэрдэг болохоор малчин хүнээс маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг. Манайх жилдээ 4-5 нүүдэг. Малын тоо толгойд анхаарч их өсгөх нь чухал биш, чанарт нь анхаарах нь зүйтэй гэж бодож явдаг.
-Тэс сумын 9-р багийн малчин Мишигдоржийн Бэгз:
Аав ээж, өвөг дээдсээс минь өвлөж өгсөн арван цагаан буяныг уламжлаад өдий хүртэл мал маллаад явж байна. Би 2002 онд өрх тусгаарлан гэр бүл болсноос хойш 2011 онд “Сумын сайн малчин”, энэ жил “Аймгийн аварга малчин” болсондоо баяртай байна. Миний амжилт 9 жилийн давтамжтай явж байна. Одоо улсын сайн малчин болохын төлөө хичээж ажиллана. Энэ жил манайх 1000 гаруй толгой мал тоолуулсан. Үүнээс 300 гаруй мал төллөж байна. Эхнэрийг маань Тогтохын Отгонжаргал гэдэг. Бид хоёр 5 хүүхэдтэй, ам бүл 7.
Сүүлийн жилүүдэд хурдан морь сонирхон, уяж уралдуулж байгаа. Мянган малынхаа 150-200 орчмыг нь нядалж, ахуйн хэрэгцээндээ ашигладаг.
-Тэс сумын 10-р багийн малчин Цэрэндоржийн Балдорж:
Энэ жил цас багатай, сайхан өвөл боллоо. Манайх 1000 гаруй малтайгаас 300 гаруй нь төллөсөн. Улсын хилээс 100-хан метрт Торын хөвөө гэх газарт өвөлждөг. Хилээс урагшаа малаа бэлчээхгүй бол торгуулдаг. Мал маллаад 25 жил болж байна. Эхнэрийг маань Б.Цэвээнжав гэдэг, манайх ам бүл 7.
1990-2000 оны үед малын хулгай манай суманд маш их гардаг байсан. Малаа манаж байгаад л хулгайд алддаг байлаа. ОХУ-ын Тува улстай хил залгаа оршдог болохоор хил давсан малын хулгай нэг хэсэг үнэхээр гаарсан. Одоо бол харин ямар ч хулгайгүй болж, малчид тайвширсан. Аав маань аймгийн алдарт уяач хүн байсан бөгөөд хурдан удмын адуугаа ижлээр нь хулгайд алдаж байлаа. Нэг үеийг бодоход малчдын амьдрал харьцангуй дээшилсэн. Одоо харин бэлчээрийн даац муудаж байна. Нэг айл 500 толгой малтай байхад өрх гэрийн амьдрал хангалттай хүрэлцэхээр байна. Сүүлийн үед туслах малчин олдохоо больсон. Аймгийн төвөөс хүртэл хайгаад олдохгүй байна даа.
-Тэс сумын Нуур эхэн багийн малчин Ж.Мөнхжаргал:
Манайх 1000 гаруй малтай бөгөөд энэ жил 450 гаруй мал төллүүлж байна. Гэргийг маань Ч.Тунгалаг гэдэг. Бид хоёр 2006 онд гэр бүл болсноос хойш 14 жил мал маллаж байна. Миний хувьд 1990 онд 8-р ангиа төгсөөд мал дээр гарч, аав ээждээ туслах болсон. Манайх 3 охинтой. Ер нь бол охидуудаа эрдэм боловсролтой хүн болгохыг чухалчилдаг.
Сүүлийн үед манай нутагт бэлчээрийн даац маш их хэтэрсэн. Малчид малын тоонд биш, чанарт л анхаармаар байна. Энэ хэвээрээ үргэлжилвэл ирээдүйд мал маллах хүн их ховор болох байх гэж боддог.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.