УБТЗ-ын мэдээллийн технологийн шинэчлэлд эхний ээлжид 1.7 тэрбум төгрөг шаардлагатай

УБТЗ тээврийн үйлчилгээг илүү хялбаршуулж, зардлыг бууруулах зорилгоор ачаа тээвэр, зорчигч тээврийн үйлчилгээндээ цахим систем нэвтрүүлсэн. Энэ хүрээнд олон улсад дамжуулж буй өгөгдлийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийн сангийн багтаамжийг нэмэгдүүлэх, хуучирсан серверийг шинэчлэх шаардлагатай болжээ.
Зорчигч тээврийн үйлчилгээнд гар утасны аппликейшн, цахим хуудас, гэрээт борлуулагч болон мессежээр тасалбар захиалах үйлчилгээ нэвтрүүлснээр зардал буурч, 150 гаруй ажилтны гар ажиллагаа бүрэн автоматчилагджээ. Харин төмөр замаар тээвэр хийж буй иргэн, ААН-д зориулсан ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгч ачилтын захиалга, түүнтэй холбоотой тайлан тооцоо, хяналт, тээврийн бичиг баримтыг цахимаар бүрдүүлэх боломжтой болжээ. Эдгээр программыг тус байгууллагын ажилтнууд өөрсдөө нэвтрүүлж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж байна.
Цахим системийн нэг чухал хэсэг нь улс хооронд мэдээлэл солилцох.
УБТЗ “Оросын төмөр замууд”-тай 2011 оноос цахим мэдээлэл солилцож эхэлжээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд тээврийн баримт бичгийн агуулгаар 211 мянган мэдээ хүлээн авч, 300 мянга орчим мэдээ дамжуулсан байна. Харин 2019 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр Хятадын Төмөр замтай ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох гэрээ байгуулжээ. Ингэснээр Хятадын дурын өртөөнөөс ачаа ачигдах тухайд УБТЗ-д мэдээлэл ирэх бөгөөд хэрэв Монголоор дамжин өнгөрөх ачаа бол тухайн мэдээллийг Орос руу дамжуулан, нэг ёсондоо "мэдээллийн транзит гүүр" болдог байна.
Энэ хүрээнд олон улсын мэдээлэл солилцоог шинэ шатанд хүргэж электрон гарын үсгийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Өнөөдөр УБТЗ 38 байгууллагын 256 хэрэглэгч электрон гарын үсгээр баталгаажсан тээврийн бичиг баримтыг Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу илгээж байна.
Зөвхөн ачаа тээвэр болон зорчигч тээврийн хүрээнд жилдээ 5 терабайт өгөгдлийг мэдээллийн сандаа төвлөрүүлдэг ч сүүлийн жилүүдэд электрон гарын үсэгтэй баримт бичгийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийн сангийн багтаамжаа 7 терабайт болгож нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
УБТЗ ХНН-ийн Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга Д.Тамир: “УБТЗ зам, вагон, холбоо буюу хатуу дэд бүтцээ шинэчлэх шаардлага тулгараад байгааг та бүгд мэдэж байгаа. Үүний зэрэгцээ мэдээллийн технологийн зөөлөн дэд бүтцээ ч шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Олон улсад дамжуулж буй электрон гарын үсгээр баталгаажсан бичиг баримтын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад серверийн аж ахуй маань хангалтгүй байна.
Өнөөдөр 15-р үеийн серверүүд хэрэглээнд нэвтэрсэн ч УБТЗ 8-9-р үеийн серверээ тордоод ашиглаж байна.
Зөөлөн дэд бүтцийн шинэчлэлд эхний ээлжинд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болж байгаа. Бид Монгол Улсдаа эхний гуравт багтах их өгөгдлийн санг бүрдүүлж, түүнийгээ мөнгө болгож чадаж байгаа ч тэр орлого маань системийн хөгжүүлэлтэд бус байгууллагын хэмжээнд хүлээж буй алдагдлыг нөхөхөд зарцуулагдсаар ирлээ” хэмээв.
УБТЗ нийгмийн хариуцлагын хүрээнд хямд тарифаар үйлчилж ихээхэн санхүүгийн алдагдалтай ажилладаг. Ашигтай ажилладаг хэдхэн үйлчилгээнээс олсон орлогоороо алдагдлаа нөхөөд явдаг учир төмөр замын шинэчлэл хөгжилд зарцуулах хөрөнгө хуримтлуулж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Иймд төмөр зам, түүний үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийн тулд төрийн татаас дэмжлэг зайлшгүй шаардлагатай болоод байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.