В.Путин коронавирустэй тэмцэж буй эмч нарт даатгалын баталгаа олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин корнавирустэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмж даатгалын баталгаа олгох тухай зарлигт гарын үсэг зурав. Холбогдох баримт бичгийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.
Эмнэлгийн ажилтнууд нас барсан тохиолдол олгох нэг удаагийн нөхөн төлбөр 2.7 сая рубль байх бөгөөд даатгалын нэмэлт баталгааг эмч, сувилагч, асрагч, түргэн тусламжийн жолооч нарт, түүнчлэн коронавирусний халдвар авсан болон халдвар авсан байж болзошгүй өвчтөнүүдтэй шууд ажиллаж буй хүмүүст олгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь дөрөвдүгээр сард коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмч нарт тусгай нөхөн төлбөр тогтоосон юм. “Коронавирусний халдвар илэрсэн өвчтөнүүдтэй шууд ажиллаж буй эмч нарын хувьд сард 80 мянган рублийн нэмэлт цалин авна” гэж Оросын төрийн тэргүүн тухайн үед мэдэгдэж байв.
Үүнээс гадна, эмнэлгийн дунд шатны ажилтнуудад 50 мянган рубль, доод шатны ажилтнуудад сард 25 мянган рубль олгохоор болсон юм. Түргэн тусламжийн эмч нар сард 50 мянган рублийн нэмэлт цалин авна. Дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтан, сувилагч, жолооч нар 25 мянган рубль нэмэлтээр авна. Энэ арга хэмжээ гурван сарын хугацаанд хүчинтэй байх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.