Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нээлт боллоо
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээллийг онлайнаар хүлээн авч, саналаа өгөх боломжтой боллоо. Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/ хамтран газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлснийг өнөөдөр /2020.01.06/ албан ёсоор нээлээ.
Энэхүү мэдээллийн систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, оролцоонд түшиглэсэн болгож байгаагаараа онцлог юм.
Уг ажлыг Монгол Улсын Засгийн Газар, БХБЯ, ГЗБГЗЗГ-аас 2015 оноос эхлэн санаачлан, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусган /2.81.12. Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах/ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр энэ ажил маань биелэлээ олж, хэрэглээнд нэвтэрч байна.
Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
- Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах;
Энэхүү систем нь зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, хөдөө аж ахуй хөгжүүлэх газрын байршил гэх мэт улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээллийг улсын хэмжээнд авахаас гадна, өөрийн амьдарч буй орчныг сайжруулах, гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ бүх төрлийн интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэж, баталгаажуулах боломж нээгдэх юм.
Тус цахим систем нэвтэрснээр газрыг төлөвлөлтгүй, эмх замбараагүй олгож, газрын зөрчил, маргаан үүсгэж иргэдийн эрх ашгийг хохироох аливаа асуудалд цэг тавьхаас гадна, салбар хоорондын уялдаагүй байдлаас үүдсэн давхардсан төлөвлөлт, үргүй зардлыг бууруулж, газарт оруулж буй хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлгүй, баталгаатай болгож байгаа юм.
Түүнчлэн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системийг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчин, хот байгуулалт, үйлдвэр уурхай, зам, шугам сүлжээ, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төрийн байгууллагууд хамтран орон зайн хувьд давхардалгүй, харилцан уялдаатай нэгдсэн төлөвлөгөө хийх бүрэн боломжтой.
Та газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системд www.egazar.gov.mn хаягаар хандан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой. Ингэхдээ иргэн Та эхлээд ДАН системээр дамжуулан нэвтрэх бөгөөд хайлтын хэсгээс саналаа өгөх газрын байрлаж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийг төлөвлөгөөний төрлийн хамт сонгож тухайн байршилтай холбоотой бусад төлөвлөгөө, газар ашиглалтын мэдээлэлтэй уялдуулан газрыг эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр саналаа өгөх боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.