НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгочиход татвар төлөгчдийн магнай тэнийнэ
-Дэлхийн олон улс орон НӨАТ-ын буцаан олголтын 10-25 хувийг олгодог-
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт шинэ оны өмнө өргөн барьсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь шинэ оны эхний өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Одоо иргэд НӨАТ-ын хоёр хувийг буцааж авдаг. Дээрх хууль батлагдвал НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр байсныг долоон хувь болж нэмэгдэх юм” гэсэн байна.
УИХ, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны долдугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрджээ. Манайд НӨАТ-ын буцаан олголт хоёр хувьтай байгаа. Тэрийгээ жилдээ нэг олгохдоо “Олгоно, олгохгүй” гэж бөөн юм болдог нь нууц биш.
УИХ-ын Хэвлэлийн албаны мэдээлэлд “Дэлхийн бусад орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог” тухай албан ёсоор дурдаж. НӨАТ-ын буцаан олголт өнөөдрийнхтэй адил хоёрхон хувь биш байсан бол монголчууд байр, гудамжныхаа жижиг мухлаг дэлгүүр, захын лангуу, хүнсний ТҮЦ-үүдэд И-баримтаа хулхидуулж алдаад байхгүй. Бараа, үйлчилгээ, худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт ядаж Н.Оюундарь гишүүний санаачилсан долоон хувьтай байхад л хүн бүхэн И-баримтаа нэхэж авдаг болчихно. Хэрвээ баримтаа заавал авдаг болчихвол татвараа нуудаг мөнөөх жижиглэнгийн амьжиргаатнууд посс машин авахаас аргагүй байдалд орно. Үүнийг албаны тайлан мэдээ ч нотолж байгаа.
Посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшсэн нь үүнийг нотолно. “БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японднайм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог” гээд уншихад мөн ч урамтай сайхан. Гэтэл манайх хоёрхон хувь шүү гэж бодохоор л гол зураад, гол горойгоод явчихдаг. “Дампуурлаа зарлан баларч байсан Грект хүртэл 23 хувийн буцаан олголт олгодог юм байна” гээд хүний л улс гүрэнтэй өөрийн улсаа харьцуулаад эхэлнэ. За тэр, Испани, Норвеги, Швед зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай барьцаад яах вэ гэж бодоход Япон, Солонгосын хэмжээнд долоо найман хувь болгоод нэмчихэд л тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй болчихож байгаа юм даа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.