Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд хатгаанд "дарлуулж" байна
-Ханиад, томуугийн улмаас өдөрт 20 хүүхэд эмнэлгээс гардаг ч шинээр хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо тасардаггүй. Тиймээс нэг хүүхэд дунджаар гурваас долоо хоног эмнэлэгт хэвтдэг-
Үдийн 11:00 цаг өнгөрч байхад нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг хөл хөдөлгөөн багатай байлаа. Дүүргийн эмнэлгүүдэд өрхийн эмнэлэгт үзүүлээд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай өвчтөн ирдэг учраас үдээс хойш ачаалал илүү нэмэгддэг гэдгийг сувилагч хэлж байв. Энэ өвөл дэгдэж байгаа ханиад, томуунд А хүрээний вируснээс гадна нэмээд В хүрээний вирус хавсарч гарсан учраас ихээхэн хүндрэл үүсгэж байгаа гэнэ. Эцэг, эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдийн ханиад хурдан хүндэрч, бөөлжиж, суулгах, олон хоногоор өндөр халуурах, халуурахаараа таталт өгөх, хатгаа болох аюултай байгааг ярьж сэрэмжлэх боллоо. Эмч нарын хэлж буйгаар “Өмнөх жилүүдэд зөвхөн А хүрээний вирусээр ханиад, томуу дэгддэг байсан бол энэ жил А болон В хүрээний вирус хавсарч байгаа нь хордлогын шинж давамгайлсан, антибиотик их хэрэглэж дассан хүүхдүүд эдгэхэд хүндрэлтэй” гэдгийг тодотголоо. Ханиад, томууны дэгдэлт ялангуяа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрс нэмэгдсэн ч азаар сурагчдын амралтын үеэр ялимгүй буурсан байлаа. Арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлж байсан бол өчигдрийн байдлаар 150 болж буурчээ. Харин хүүхдийн амбулаторид нь ажлын өдөрт дунджаар 30 орчим хүүхэд үзүүлж байгаа гэнэ. Энэ тоо өнгөрсөн сард бараг хоёр дахин өндөр байжээ.
-Нийслэлд сурагчдын амралтаар ханиад, томууны дэгдэлт багасчээ-
“Өнгөрсөн сард амралтын өдрүүдээр амбулаториудын ачаалал эрс нэмэгдэж өдөрт 100 гаруй хүүхэд үзэж байсан бол одоо 80 дотроо багтсан хүүхэд үзэж байгаа. Энэ хэвээрээ ханиад, томуугийн дэгдэлт тогтворжих байх” гэдгийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Б.Рэнцэнханд хэллээ. Гэсэн хэдий ч одоо тохиож байгаа нэгдүгээр сар бол ханиад, томуугийн хамгийн идэвхитэй “оргил” үе юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар авч үзвэл, томуу, томуу төст өвчин нийт амбулаторийн үзлэгийн 11.3-11.8 хувийг эзэлж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлж байна. Хэрвээ томуу, томуу төст өвчин нийт амбулаторийн үзлэгийн 15 болон түүнээс дээш хувийг эзэлж байвал улс орны хэмжээний ханиад, томуугийн хүчтэй дэгдсэн гэж үзээд сургууль, цэцэрлэг, олон нийтийн үзвэр үйлчилгээнд хөл хорио тогтоох зохицуулалт бий. Тиймдээ ч Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлтээ БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Сүхбаатар дүүргийн иргэн С.Цэвээн “Сурагчдын амралтыг хойшлуулбал зүгээр. Гурван настай зургаан настай хоёр хүүхэдтэй учраас сургууль орохоор ээлжлээд ханиад хүрчих юм. Бага хүүхэд маань хоёр уушгиндаа хатгаатай гэж оношлогдоод Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэх бичиг авах гээд зогсож байна. Зовиур ихтэй. Амьсгаа нь давхцаад, бөгшүүлж боогдох гээд байгаа юм шиг хэцүү ханиад байна” гэсэн юм.
Ингэж бид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьж ирлээ. Тус эмнэлгийн хүлээн авах тасгийн гадаа хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд дараалалд зогсоно. Ихэнх нь л хэвтэж эмчлүүлэхээр ирсэн гэнэ. Хэвтэх бичиг аваад, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаа учраас 20-30 минут ч хүлээх нь энүүхэнд гэдгийг 40 орчим насны ээж хэлж байна. Энд үзүүлэхээр ирсэн долоон хүүхдийн тав нь цэцэрлэгийн насныхан байсан нь сонин. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бодоход оочер дараалал илүү байсан учраас яриа авахыг зориход эмч нар нь тун л завгүй байгаа бололтой. Хэвтэх хүүхдүүдийг хүлээн авахаас гадна онош тавьдаг өөр хүүхдийн эмч байна уу гээд эмнэлгээр хайлаа. Гэсэн ч зөвхөн эмнэлгийн дарга, эрхлэгч сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг гэж үүдний жижүүр, сувилагч хэлээд халгаасангүй. Тус эмнэлгийн дарга нь биднийг очих үеэр эзгүй байлаа. Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинет ажлын өдөр 08:30-22:00 цаг хүртэл ажиллаж байгааг нүдээр харлаа. Тодруулбал, 08:30-17:00 цаг хүртэл хүүхдийн нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, 17:00 цагаас хойш өрхийн эмч нар нэмэлтээр ирж үзлэг хийж байгаа аж. Амралтын өдрүүдэд ч өрх, дүүргийн эмнэлгийн хүүхдийн кабинет ээлжлэн ажиллаж байгаа гэнэ. Ханиад, томуу хүрсэн хүүхдэд хамгийн түрүүнд анхаарал, халамж чухал, найтааж, нус гоожих үеэс нь эхлээд л гэртээ эцэг, эх нь асарч хамгаалах зайлшгүй шаардлагатай юм байна. Ханиадтай хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд өгчихөөр гэртээ байдаг шигээ тухтай байж чаддаггүй. Ядраад хэвтэхийг хүссэн ч боломж хомс. Тиймээс ДЭМБ-ын зүгээс эхний гурваас дөрвөн хоногт ханиад хүрсэн хүүхдийг гэрт нь асрахыг зөвлөдөг аж. Дээрээс нь архит, тураал, сульдаа, цус багадалт зэрэг суурь өвчинтэй хүүхэд ханиаданд өртөмтгий, хүндрэх магадлал ихэсдэг байна. Ханиаданд юун түрүүнд эмийн эмчилгээ зөвлөдөг. Ингэхдээ үнэтэй антибиотикууд хэрэглэхийг зөвлөсөн стандарт байдаг учраас худалдаж авч чадахгүй, асаргаа сувилгаа дутагдсан, хүүхдээ дааруулснаас ханиад хүндрэх, дахин сэдрэх тохиолдол бишгүйтээ л байгааг эмч нар хэлж байна. Бүр эмнэлгээсээ гарангуутаа дахиад л шинэ төрлийн ханиад хүрчихсэн эргээд ирэх хүүхдүүд байдаг нь харамсалтай. Ханиаданд хэрэглээд байгаа антибиотикийн үйлчлэл яаж явагддаг вэ гэхээр хэрэглэсэн эхний хоёр гурван хоногт антибиотик вирусыг дардаг, үүний дараа хүүхдийн дархлаа сулардаг. Улмаар хоёрдогч бактерийн халдвар бий болдог. Тиймээс хүүхэд тань ханиад хүрээд хоёр гурав хоноход халуун буурахгүй, ямар нэг байдлаар сайжирсан байдал мэдрэгдэхгүй бол эмнэлэгт хандах нь зүйтэй. Ханиад, томуугийн үед юу хэрэглэж, юуг анхаарах тухай Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, өсвөр үеийн ерөнхий зохицуулагч, хүүхдийн их эмч Б.Рэнцэнхандаас тодрууллаа.
Б.Рэнцэнханд: Ядаж ханиад хүрсэн эхний өдрүүдэд хүүхдээ гэртээ харвал зүгээр
-Жил бүрийн өдийд ханиад, томуугийн дэгдэлт их байдаг. Тус халдвараас хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Манай эмнэлэгт өдөрт дунждаар 30 хүүхэд үзүүлж байна. Тэдний нэгээс гурав нь л хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн талаас илүү хувь нь хатгаа авсан байна. Хатгааны үүсгэгч нь хоруу чанартай бол хэчнээн эм уугаад ч хатгаа болох боллоо. Хатгаа авахгүй байхад биеийн эсэргүүцэл их чухал. Жишээлбэл, архиттай хүүхдийн цээжний хэлбэр өөрчлөгдөөд уушиг нь бүрэн тэлж чаддаггүй учир хатгаа болох эрсдэл илүү. Урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ дархлааг сайжруулж, бүлээн шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Вирусын халдвар ерөнхийдөө хордлого байдлаар илэрдэг, өвчин намдаах, халуун буулгах эм уухад их хөлөрдөг. Тиймээс энэ алдаж байгаа шингэнээ хорсоол уулгах, шингэн баахуу, буцалсан ус, шингэн шөл уулгах зэргээр нөхөх хэрэгтэй. Чацаргана, аньс, нэрс жимсний шүүсийг халуун бүлээнээр нь өдрийн хоолны дараа уувал илүү тохиромжтой. Хүүхэддээ компьютер, утас зэрэг ядраах юм хэрэглүүлэхгүй байхыг зөвлөе. Ингэж чадвал ханиад хурдан эдгэнэ. Мөн 22:00 цагаас өмнө хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Шөнийн 22:00-02:00 цагийн хооронд унтах нь дархлааг хамгийн их нөхөж, сайжруулдаг. Өвдсөн тохиолдолд хүүхдээ гадуур, олон нийтийн газраар авч явахгүй байх, дахин хэзээ эмчид хүүхдээ үзүүлэхээ мэддэг байх хэрэгтэй.
-Хүүхдээ дахин эмчид үзүүлэх хэрэгтэй гэлээ. Ямар үед эмчид хандах вэ?
-Хүүхдийн биеийн байдал одоогийн байдлаасаа дордох, өндөр халуурах буюу 38.5 хэмээс дээш халуурах, амьсгал олшрох, шингэн алдаж байгаа хүүхэд уухдаа муудах гэсэн шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй. Саяхан үзүүлсэн юм чинь гээд алгуурлаж болохгүй.
Б.Баатарсүх: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлсэн
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхээс томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байгааг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байна вэ?
-Томуугийн өвчлөл ямар байгааг тогтоохын тулд дөрвөн төрлийн тандалт судалгааг хийдэг. Нэгдүгээрт, томуугийн өвчлөлийн амбулаторийн үзлэгт эзлэх хувь, хоёрдугаарт, хэвтэн эмчлүүлэгсдийн хэдэн хувь нь амьсгалын замын хүнд хэлбэрийн халдвараар өвчилсөн тухай, гуравдугаарт, яаралтай тусламжийн дуудлага дахь томуу, томуу төст өвчний дуудлагын эзлэх хувь, дөрөвдүгээрт, ямар төрлийн вирус өвчин үүсгэж байгааг тогтоох гэсэн тандалт, судалгааг хийсний үндсэн дээр өвчний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлдог. Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн өвчлөл идэвхтэй байдаг. Үүн дотроо 12 болон нэгдүгээр сард оргил үедээ идэвхиждэг. Энэ жил томуугийн вирус харьцангуй эрт дэгдсэн. Арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт эргэлтэд ороод тархалт үүссэн. Өмнөх жилээс нэг сарын өмнө тархалт эрчимжсэн гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрт нэмэгдсэн.
-Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажлууд хийдэг вэ?
-Томуугаас урьдчилан сэргийлэх, хурдан эдгээх талаас нь мэдээлэл, сурталчилгааг түгээмэл тараахыг эрмэлзэж байгаа. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвд зөвлөгөө өгөх утасыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн кабинетүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байна. Эцэг, эхчүүд голдуу ажил тарсан үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх нь их байгаа учраас энэ зохицуулалтыг хийсэн. Жирэмсэн, 0-5 насны хүүхдүүд, архаг суурь өвчинтэй хүмүүст өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар гэрийн эргэлтээр очиж тусламж, үйчилгээ үзүүлж байгаа. Хүндэрсэн хүүхдүүд шууд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад хандаж очдог учраас нэг дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт 100 хүүхэд хэвтэж байлаа гэхэд 10-20 хувь нь л хэвтэн эмчлүүлдэг. Тиймээс нэгдсэн эмнэлэгт зохиомлоор ачаалал үүсгэх тохиолдлууд их.
-Дүүргүүдийн хүүхдийн тасгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Нийслэлд улсын хүүхдийн эмнэлгүүдэд үндсэн 1033 ор бий. Энэ өвөл ор нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Ер нь нийт 1000 гаруй орыг нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор 1403 орон дээр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 2019 онд Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн эмнэлэг нээлээ. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн тасгууд нэмэлтээр ашиглалтад оруулсан. 2019 оны арванхоёрдугаар сарын дунд үеэр орны ачаалал их байсан бол одоо харьцангуй тогтворжлоо. Ачаалалтай үед 1600 гаруй ор шаардлагатай болдог бол одоо шаардлагатай ашиглагдаж байгаа ор 1400 байна.
эх сурвалж зиндаа.мн
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.