СЕХ-НЫ ГИШҮҮНД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ХҮНЭЭ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

СЕХ-НЫ ГИШҮҮНД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ХҮНЭЭ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ



Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон билээ. Тиймээс уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Орон тооны гурван гишүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Б.Ганбатыг харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Г.Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Э.Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ.

Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 64.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.     

Харин нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Г.Эрдэнэ 

эх сурвалж 24цаг.мн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.