Генерал Б.Билэгтийг чөлөөллөө
УИХ-ын өчигдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс хойш Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм. Улмаар түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Бригадын генерал Б.Билэгт нь өнгөрсөн 2018 онд АТГ-т хөрөнгөө мэдүүлэхээс татгалзаж байсан юм. Учир нь, тэрбээр хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлээгүй байдаг.
Тухайн үед АТГ-аас "Бригадын генерал Б.Билэгт нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирүүлээгүй. Тэрээр 2012 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. Өөрт нь болон туслахад нь, тэр ч битгий хэл даргад нь олон удаа мэдэгдсэн. Гэвч Б.Билэгт генерал ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр хөрөнгөө мэдүүлээгүй" гэх тайлбарыг өгч байсан билээ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хууль зүйн ухааны магистр, бригадын генерал Б.Билэгт нь 1978-1980 он ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн салбарт суралцсан. Улмаар 1988 он МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагч, 1999 он Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Харин 1980-1981 он Улаанбаатар хотын мах бэлтгэлийн конторт ачигч-буулгагч, 1981-1982 он ТЭЦ-2 станцид слесарь, 1982 он Хугацаат цэргийн алба хаагчаар ажиллаж байв. Тэгвэл 2004-2006 он Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2014 он Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, 2014 оноос ШШГЕГ-ын дарга, 2012.05.14-нөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.