Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж
Харвардын их сургуулийн эрдэмтдийн 34 жилийн турш 122.000 орчим хүн дээр хийсэн судалгааны үр дүнд эрүүл, урт удаан амьдрахад туслах дараах таван зөвлөмжийг хүргүүлжээ.Эрдэмтэд судалгаанд хамрагдсан эрэгтэй хүмүүсийг 12 жил, эмэгтэй хүнийг 14 жилийн турш амьдралын хэв маягийг судлах замаар үүнийг олж тогтоосон байна.

1. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх

Дэлхий дээр нийт тохиолдож буй таван үхэл тутмын нэг нь хоолны буруу дэглэмтэй холбоотой байдаг. Хүмүүс ихэвчлэн мэргэжлийн эмч нарын санал болгодгоос хоёр дахин их хэмжээний махыг хүнсэндээ хэрэглэдэг. Эсрэгээрээ олон төрлийн жимс, самар, үр тариа зэргийг заасан хангалттай хэмжээнд иддэггүй. Жимс болон хүнсний ногоогоор баялаг хоол хүнс байнга хэрэглэх нь зүрхний шигдээс болон зүрх судасны өвчин тусах магадлалыг 20 хүртэлх хувиар бууруулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр жил бүр зүрхний шигдээс өвчнөөс болж 17.7 сая хүн нас бардаг байна. Энэ нь нийт нас баралтын шалтгааны 31 хувийг эзэлдэг. Харин зүрх судасны өвчний улмаас жилд 5,8 сая хүн нас бардаг аж.  

2. Тогтмол дасгал хийх

Идэвхгүй амьдралын хэв маягтай хүний эрт нас барах магадлал тогтмол дасгал хийдэг хүнтэй харьцуулахад 20-30 хувиар илүү байдаг. Мэргэжилтнүүд насанд хүрсэн хүн эрүүл мэнд, дархлаагаа дэмжихийн тулд долоо хоногт ядаж 150 минут буюу ердөө хоёр цаг хагасын хугацаанд дасгал хөдөлгөөн хийх нь хангалттай гэж зөвлөдөг.

3. Эрүүл жингээ хадгалах

Дэлхий дээр 800 сая орчим илүүдэл жинтэй хүн бий гэсэн тооцоо байдаг. Энэ тоо 2016 оноос эхлэн гурав дахин өсжээ.

4. Алкоголийг тохируулан хэрэглэх

Эрдэмтэд дарсны амт хүний тархинд бусад зан үйлээс илүү нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мөн улаан дарсан дахь зарим найрлага нь стрессийг бууруулахад тусалдаг. Тиймээс дарсыг бага зэрэг буюу тохируулан хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай байдаг. Эсрэгээрээ алкоголийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

5. Тамхи татахгүй байх

Тамхинаас гараад нэг жил болсны дараагаар тухайн хүний зүрх судасны өвчин тусах эрсдэл 50 хувь хүртэл буурдаг байна. Энэ байдлаар арван жилийн дараа уушгины хорт хавдар тусах магадлал мөн тал хувь хүртлээ буурдаг аж. Мөн тамхинаас гарснаар эрэгтэй хүнд бэлгийн сулрал болон үргүй болох эрсдэл буурдаг гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.