Ц.Содномцэрэн: Монгол Улс сонгуулийн бүх тогтолцоог туршиж үзсэн
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /2020.01.16/ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг олон нийтэд өглөө. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнтэй ярилцсан юм.
-УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах бүх Ажлын хэсэг хуралдлаа. Сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай, ямар шатандаа явна вэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Энэ хуулийг баталснаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс сонгуулийн жил эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо өмнөх жилүүдэд 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн.
Сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, үйлчилгээ хийх зэрэг ажил өнгөрсөн онд хийгдсэн. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд техник, хэрэгсэл 100 хувь бэлэн байдалд шилжсэн. Засвар, үйлчилгээ нь өнгөрсөн онд хийгдэж дууссан. Түүнчлэн шинэ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар хийгээд журам, загварыг боловсруулах ажилдаа ороод явж байна.
Энэ оны нэгдүгээр улирал гэхэд дуусаж, бэлэн болно. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар орж хэлэлцэгдэж, батлагдана. Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулаад дуусаж байна.
Хэрэв УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдөр УИХ-аас тогтоол гарч тодорхой болсон тохиолдолд цаг хугацааныхаа хуваарийг батална.
Дараа нь олон нийтэд мэдээлэл өгнө. Үүнийг сонин, телевиз, сайт, радио гээд бүх хэвлэлээр мэдээлнэ. Энэ үед нь та бүхэнд цаг хугацааныхаа хуваарийг танилцуулна. Удахгүй Ажлын хэсгүүдийг байгуулна. Автоматжуулсан системтэй холбоотой Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан Ажлын хэсгийг байгуулна. Одоогоор судалгааны шатанд ажил нь явна. Мөн сонгуулийн байгууллагуудыг байгуулах ёстой. Энэ байгууллагуудад төрийн албан хаагч орж ажилладаг. Одоогоор төрийн албан хаагчдын судалгааг гаргаж байна.
-Сонгуулийн тухай хуульд зааснаар үүрэг хүлээсэн хэд, хэдэн байгууллага бий. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтарч сонгуультай холбоотой журам гаргах ёстой биз дээ?
-Тийм. Эдгээр хамтарсан журмыг гаргахын тулд Ажлын хэсэг байгуулна. Журмынхаа төсөл дээр хамтарч ажиллана. Ямар ч байсан хуулийн хугацаандаа хамтарсан журмаа боловсруулж, баталж гаргана.
Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны тоо, хэмжээ болон загварыг батална.
Одоогоор судалгааны шатандаа явна. Өөрөөр хэлбэл, саналын хуудас ямар загвар, хэмжээтэй байхыг судалж байна. Өмнө нь томсгосон тойргоор явуулж байсан сонгуулийн саналын хуудасны загвар, маягтыг гаргаж судалгаагаа хийж байна. Энэ мэт сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн хүрээнд хуульд заасан хугацаанд нь амжуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
-Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хуулийг өмнөхөөсөө онцлог, дэвшилттэй болсон гэдгийг хэлсэн. Тухайлбал, сонгогчидтой холбоотой ямар томоохон зохицуулалтыг хийсэн бэ?
-Сонгуулийн тухай хуулийг салгаж, гурван тусдаа хууль болгосон шүү дээ. Үүнд маргаан, зөрчилтэй байсан зохицуулалтуудыг нэлээн тодорхой болгож өгсөн гэж ойлгож болно.
Нэгдүгээрт, хугацааны асуудал тодорхойгүй байсан. Үүнийг сар, өдрөөр нь зааж хугацааг нь тодорхой болгож өгсөн. Санал авах өдөр нэг хугацаатай. Өөрөөр хэлбэл, 150-наас доошгүй хоногийн өмнө санал авах өдрийг тогтооно. Товлон зарлах нь өөр нэг хугацаатай. Тойрог, мандатыг хуваарилах нь бас өөр хугацаатай. Энэ бүхнийг намрын чуулган завсарлахаас өмнө хуралдаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө бүх хугацаагаа тодорхой болгохоор хуульд тусгасан.
-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?
-Сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг.
-Сонгуулийн товыг хэдэн гэж тооцоолсон бэ?
-Сонгуулийн товыг зургаадугаар сарын 24-ний өдөр гэдэг саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн. Энэ бол лхагва гараг. Гэхдээ УИХ өөрөө шийднэ.
-Заавал яагаад лхагва гарагт сонгуулийн санал хураалтын өдрийг товлох саналыг оруулсан юм бэ?
-Учир нь, пүрэв болон баасан гарагт иргэдийн оролцоо муу байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд саналаа өгөхгүй амраад явчихдаг талтай. Тиймээс лхагва гарагт зохимжтой гэж үзсэн.
-Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт парламентад сонгуультай холбоотой саналаа хүргүүлсэн. Тойрог, мандаттай холбоотой ямар хувилбарыг санал болгосон бэ?
-Хуульд сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө санал авах өдрийг тогтоож, сонгуулийг товлоно гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-д сонгуулийг товлон зарлах, санал авах өдрөө тогтоох саналаа хүргүүлсэн. Харин сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхой болгосон санал бол гаргаагүй. Учир нь, хуульд УИХ тойргийг байгуулж, мандатыг хуваарилна гэж заасан байдаг. Энэ бол УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм. Яах вэ, 1992 онд томсгосон тойргоор сонгууль явсан. Дараа нь 2008 онд томсгосон олон мандаттай мажоритар системээр явуулж байсан. Энэ үед сонгуулийн тойрог, мандатыг яаж хуваарилж байсан гэдэг судалгаа, мэдээллийг УИХ-д хүргүүлсэн.
-Ингэхэд сонгогчдын ирцийг бүрдүүлэх, оролцоог нэмэх тал дээр ямар ажлыг зохион байгуулах вэ?
-Иргэдийн оролцоог нэмэх тал дээр Сонгуулийн ерөнхий хорооноос тодорхой арга хэмжээг авч ажилладаг. Үүний хүчинд 2000 оноос жил дараалан буурч байсан сонгогчдын ирц 2016 онд анх удаа өссөн үзүүлэлттэй гарсан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ өссөн үзүүлэлтээ алдагдуулахгүйн тулд бүхий арга хэмжээг авч ажиллана.
-Тухайлбал, ямар арга хэмжээг авч ажиллах вэ?
-Бид сонгуулийн үеэр төрийн бус байгууллагатай хамтарч сургалтыг сайн явуулна гэж бодож байна. Олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч сурталчилгаагаа сайн явуулна. Иргэн сонгох эрхээ эдлэхийн тулд юуг анхаарах, сонгох эрхээ эдэлснээр ямар ач холбогдолтой вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд залуусын оролцоо бага, чамлалттай байдаг. Үүнийг хэвлэл мэдээллээр ч шүүмжлэлтэй ханддаг. Энэ ч утгаараа бид ялангуяа залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн сурталчилгааг түлхүү хийхээр төлөвлөж байна.
-Сонгуулийн хуулийг сахиулах, биелүүлэх тал дээр Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн ажилладаг юм бэ?
-Монгол Улс сонгуулийн бүх системийг туршиж үзсэн. Жижиг болон томсгосон мажоритараар явуулж үзлээ. Холимог тогтолцоогоор хүртэл явуулж байлаа. Энэ удаагийн сонгуулийг 1992, 2008 оны томсгосон мажоритараар явна. Энэ бол өмнө нь туршаад үзчихсэн сонгуулийн тогтолцоо.
Сонгуулийн ерөнхий хорооноос тойрог, мандатын тоог тогтооход оролцдог хуулийн зохицуулалт байхгүй. Гагцхүү хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ болон засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг харгалзана гэсэн л заалт бий.
-Сонгуулийг зохион байгуулахад хэчнээн төрийн албан хаагч оролцох вэ?
-Сонгууль зохион байгуулахад 20 гаруй мянган хүн оролцдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна. Дээр нь хэсгийн хороо байгуулна. Цагдаа, тагнуулынхан аюулгүй байдлыг хангаж ажиллана. Бусад газар нь хяналт тавьж, хариуцлага тооцдог байгууллага бий. Энэ бүгд нийлээд 20 гаруй мянган хүн оролцдог юм. Нийтдээ 2000-аад хэсэг байгуулна.
-Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүдийг ажлаа тайлагнахыг хууль зөрчихгүй гэж үзэх юм билээ. Тэгвэл гишүүд тойрогтоо цагаан сараар гарын бэлэг тараах нь хууль зөрчих үү?
-Өмнө нь ч байсан заалт. УИХ-ын гишүүн ажилласан хугацааныхаа тайланг тавих нь сурталчилгааны зохицуулалтад хамаарахгүй. Тэр заалт нь хэвээрээ л байгаа юм.
-Удахгүй болох сар шинийн баяраар тойрогтоо гарын бэлэг тараах нь Сонгуулийн хуулийг зөрчих үү?
-Тайлангаа цаасан болон уулзалт хэлбэрээр тавьж болно. УИХ-ын гишүүд тайлангаа сонин, сэтгүүл хэлбэрээр тарааж л байсан.
-Танаас гишүүд, сайд нар тайлангаа тавьж байгаа нэрээр сонгогчдодоо хэвийн боов тараасан тохиолдолд Сонгуулийн хуулийг зөрчих эсэхийг л тодруулаад байна л даа?
-Арай хэвийн боов тараахгүй байлгүй дээ. Хуулиа мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй. Нэр дэвшигч хуульд заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг хоёр мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.
-Сонгуулийн саналыг хурууны хээгээр өгдөг. Энэ системд өөрчлөлт орох уу?
-Улсын бүртгэлийн байгууллагаас 2012 оны сонгуулиас эхэлж сонгогчдыг сонгууль өгөх боломжоор хангаж, шинэ системээр сонгууль өгүүлж эхэлсэн байдаг. Тухайн иргэний биеийн давхцахгүй үйлдэл буюу гарын хурууны хээгээр саналыг нь авдаг болсон. Энэ системд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Хүн амын шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс зогсоох вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-ээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртэлх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.