БНАСАУ-ын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна
БНСУ болон АНУ-ын цэргийнхэн үйл ажиллагаагаа нягт уялдуулан БНАСАУ-ын аюулгүй байдлын салбарын байдлыг анхааралтай ажиглаж байна гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв.
Түүний хэлснээр, “үүссэн нөхцөл байдалд хоёр орны Зэвсэг хүчний командлал нухацтай хандаж байна”. "Цэргийн салбарт Солонгос хоорондын хэлэлцээрүүд хэрэгжих ёстой. Солонгосын хойгт энх тайван тогтооход чиглэсэн хүчин чармайлтаа Умард болон Өмнөд зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай" гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч тэмдэглэжээ.
Үүнээс өмнө БНАСАУ-ын Жанжин штаб хоёр талын гэрээний дагуу цэргээ татсан хэсгүүдэд цэргийн анги нэгтгэлүүдээ буцааж байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. "БНСУ-тай харилцаа улам дордож буй үед БНАСАУ-ын командлал "нам, засгаас гаргасан гадаад бодлогын аливаа шийдвэрийг цэргийн хэрэгслээр хангахад бэлэн байна"" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
БНАСАУ-ын дээд удирдлагыг гутаан доромжилсон ухуулах хуудас тараасны хариуд тус улсын Зэвсэгт хүчин “өшөө авах ажиллагаанд” бэлтгэж байгааг Умард Солонгосын эрх баригчид БНСУ-д даваа гарагт анхааруулсан байна.
Энэ анхааруулгаас өмнө бямба гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү болох Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон Пёньян “дараачийн алхамаа” удахгүй хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр "Өмнөд Солонгосын талтай харилцаагаа таслах" хэрэгтэй гэж мэдэгдээд дараачийн үйл ажиллагааны талаарх шийдвэрийг "Солонгосын Ардын армийн Жанжин штабад хүлээлгэж өгнө" гэж цохон тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын зарим шинжээчийн үзэж байгаагаар, Пёньян Солонгос хоорондын эдийн засгийн төслүүдийг урагшуулах зорилгоор өмнө нь цэргээ татан авч байсан Кэсон хот болон Кымгансан уул орчмын хилийн бүсэд цэргээ буцаан байрлуулж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.