“Google” үйлдвэрийн газруудад 1 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед хувийн болон ашгийн бус үйлдвэрийн газруудад үзүүлэх тусламжийн хэмжээгээ 800 сая орчим ам.доллароос 1 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Америкийн “Google” корпораци гаргажээ. Энэ тухай тус компанийн дэд ерөнхийлөгч Жерри Дишлер мэдэгджээ.
“Ашгийн бус үйлдвэрийн газруудад үзүүлэх дэмжлэгээ бид 200 сая ам.доллароор нэмэгдүүлж, 1 тэрбум ам.доллар болгож байна. Энэхүү мөнгө нь “COVID-19”-н улмаас асуудалтай тулгарсан, хохирол амссан ашгийн бус байгууллагуудад тус болох юм. Ялангуяа хөгжиж буй орнууд дахь үйлдвэрийн газруудад дэм болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 800 сая ам.долларыг олгохоо компани өнгөрсөн 3 дугаар сард мэдэгджээ. Ингэхдээ үйлчилгээг нь ашиглан зар сурталчилгаагаа үнэгүй байршуулахыг “Google” ДЭМБ болон өөр хэдэн арван байгууллагад зөвшөөрчээ. Үүнд 240 сая ам.долларыг зориулсан бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд оны эцэс хүртэл хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр зар сурталчилгаа байршуулах боломж олгоход зориулж 340 сая ам.долларыг зориулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.